Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс НҮБ-д элссэн нь: 1955-1957 оны хүчин чармайлт

ikon.mn
2021 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Бандунг: 1955 оны 4 дүгээр сар

Ази, Африкийн орнуудын бага хурал 1955 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Индонезийн Бандунг хотод нээгдэж, Ази, Африкийн 29 орны 340 орчим төлөөлөгч оролцжээ. Бага хуралд санаачлагч Энэтхэг, Бирм, Индонез, Пакистан, Цейлон гэсэн 5 орноос гадна Афганистан, БНАВУ, Египет, Алтан эрэг /Гана/, Иордан, Ирак, Иран, Йемен, Камбож, БНХАУ, Лаос, Либери, Ливан, Ливи, Непал, Саудын Араб, Сири, Судан, Тайланд, Турк, Филиппин, Этиоп, Өмнөд Вьетнам, Япон зэрэг 24 орон оролцсон байна. Бүгд Найрамдах Индонез Улсын Ерөнхийлөгч Сукарно бага хурлыг нээж, “өнгөт арьстан ард түмний оршин суудаг хоёр тивийн бага хурал хүн төрөлхтөний түүхэнд анх удаа нээгдсэний” түүхт ач холбогдлыг онцлон тэмдэглэв.

Бага хурлын зорилгын талаар Ази, Африкийн орнуудын хооронд сайн хөршийн найрамдалт харилцаа тогтоож, хамтын ажиллагааг өргөтгөх нь чухал гэж тэмдэглэв. Тэрбээр “Олон улсын одоогийн хүнд байдлын гол шалтгаан бол колонит ёстой холбогдолтой бөгөөд Ази, Африкийн ард түмэн олон зуун жилийн турш колонийн боол болж байв. Энэ асуудалд бид онц анхаарал тавих ёстой. Колонит ёс бол өнгөрсөн үеийн үзэгдэл гэж хүн төрөлхтөний ихэнх хэсэг нь үзэж болох боловч колонит ёс одоо хэвээр байна. Үүний хамт арьсны онол баримтлах явдал их байна” гэж хэлэв.

БНМАУ Бандунгийн бага хуралд биечлэн оролцоогүй боловч бага хурлын үйл ажиллагааг бүх талаар дэмжсэн юм. Бандунг хотод нээгдэж буй Ази, Африкийн орнуудын бага хурлын Тэргүүлэгчдэд хандан баяр хүргэсэн цахилгааныг БНМАУ-ын Их хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж. Самбуугийн нэрийн өмнөөс илгээжээ.

Уг цахилгаанд: ”БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчид энх тайвныг эрхэмлэгч Монголын ард түмний өмнөөс Ази, Африкийн орнуудын бага хуралд оролцогчдод халуун баяр хүргэж байна. Ази, Африкийн орнуудын бага хурал бол олон улсын хоорондын харилцааны хүнд байдлыг сулруулах, бүх нийтийн энх тайван, улс түмний хоорондын аюулгүй байдлыг бэхжүүлэх, Ази, Африкийн бүх ард түмний эрх чөлөө, үндсэний тусгаар тогтнолыг хамгаалах хэрэгт тус дөхөм болох нь дамжиггүй гэдэгт Монголын ард түмэн гүнээ итгэж байна. Ази, Африкийн орнуудын бага хуралд оролцогчдод улс түмний хоорондын энх тайвныг бэхжүүүлэх хэрэгт ажлын амжилтыг хүсье” гэжээ.

Москва: 1955 оны 6 дугаар сар

Энэтхэгийн Ерөнхий сайд Жавахарлал Неру 1955 оны 6 дугаар сард ЗХУ-д түүхэн анхны айлчлал хийсэн билээ. Тэрбээр ЗХУ-ын Дээд Зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга К. Ворошилов, Сайд нарын Зөвлөлийн дарга Н. Булганин нартай яриа хэлэлцээ хийж, ЗХУ-ын орон нутгаар 10 хоног аялал хийсэн байна.

Н.С. Хрущев дурсамждаа: “Неруд бид түүний үзэхийг хүссэн бүхий л зүйлийг үзүүлсэн. Бид өөрсдөө ч тэгэхийг хүсэж байсан. Бүх зүйлийг байгаа тэр чигээр нь ямар нэг өнгө будаггүй үзэг гэж бид бодсон...Неру ЗХУ-ын нэлээд хэсгийг, Дундад Азийг ч, бусад нутгийг ч тойрч үзсэн. Тэрбээр бидний хүрсэн амжилтыг өндөр үнэлэв үү гэж би хувьдаа бодсон” гэжээ.

Энэтхэгийн Ерөнхий сайд Ж. Неру, ЗХУ-ын Сайд Нарын Зөвлөлийн дарга Н. Булганин нарын 1955 оны 6 дугаар сарын 22-нд гаргасан хамтарсан мэдэгдэлд хоёр улс харилцаандаа баримтлах 5 зарчмыг тунхаглаж, Бандунгийн бага хурлын ач холбогдлыг цохон тэмдэглэснээс гадна НҮБ-ын гишүүнчлэлийн талаар хоёр улс нэгдсэн байр сууриа илэрхийлжээ. Үүнд: “БНХАУ-ыг Нэгдсэн Үндэстний Байгууллагад оруулан, зүй ёсны нь эрхийг эдлүүлж, улмаар НҮБ-ын роль алдар нэрийг бэхжүүлэх хэрэгтэй” гэснээс гадна “Түүнчлэн гишүүн байх талаар дүрмийн шаардлагад тохирч байгаа бүх улсыг Нэгдсэн Үндэстний Байгууллагад авах нь чухал гэж Сайд нарын Зөвлөлийн дарга, Ерөнхий сайд хоёр үзэж байна” гэжээ. Энд хэдийгээр БНМАУ-ыг нэр заан дурдаагүй боловч тухайн үед гишүүнд орох өргөдлөө өгөөд 10 орчим жил болж буй БНМАУ-ыг бүрэн хамааруулан үзэж болно.

Женев: 1955 оны 11 дүгээр сар

1950-иад оны дундаас БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх нь Зөвлөлт-Америкийн төдийгүй, Их гүрнүүдийн хоорондын харилцааны эмзэг хөндүүр асуудал болон тавигдах болсон билээ. АНУ, ЗХУ, Британи, Францын ГЯЯ-ны сайд нар Женевт 1955 оны 11 дүгээр сард НҮБ-ын гишүүнчлэлийн асуудлаар уулзав. ЗХУ, Канад хоёр БНМАУ-ыг оролцуулан социалист 5 улсыг багтаасан 18 орныг НҮБ-ын гишүүнээр багцаар нь элсүүлэх саналыг 1955 онд дэвшүүлээд байв.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Фостер Даллес ЗХУ-ын ГЯЯ-ны сайд В. Молотовтай уулзаж, БНМАУ-ын гишүүнчлэлийн асуудлаар 1955 оны 11 дүгээр сарын 13-нд дэлгэрэнгүй ярилцжээ. Даллес БНМАУ-ыг 18 орны багцаас хасахыг хүссэн байна. Молотов БНМАУ-ын гишүүнчлэлийг үгүйсгэж болохгүй, Энэтхэг саяхан Монголыг хүлээн зөвшөөрсөн гэж ярьсан байна. Даллес Бандунгийн уулзалтад Гадаад Монголыг урьж оролцуулсангүй, тэр бага хурлын зөвлөмжид Монголын нэр ороогүй байна гэж маргасан байна. Дөрвөн гүрний Гадаад хэргийн сайд нарын уулзалт үр дүнгүй дуусчээ. Тайвань БНМАУ-ын гишүүнчлэлийн эсрэг хориг тавихаа мэдэгдэж АНУ-аас дэмжлэг хүссэн байв. АНУ-ын хувьд тэдгээр 18 орны дотор багтаж байсан “чөлөөт” хэмээх 13 орныг элсүүлэх нь Өрнөдийн нэгдмэл эрх ашгийн хувьд чухал байв. ЗХУ-ын хувьд БНМАУ-ыг багтаасан социалист 5 орныг элсүүлэх нь НҮБ дэхь социалист лагерийн эрх ашгийг хангахад мөн чухал байлаа.

НҮБ-д элсэх хүсэлтэй ардын ардчилсан орнуудаас НҮБ-ын Ерөнхий Ассамблейн X чуулганд дахин өргөдөл гаргаж байгааг харгалзан бусад социалист орнуудын адил дахин хүсэлт гаргах нь зүйтэй хэмээн үзсэнээр Сайд нарын Зөвлөлийн дарга Ю. Цэдэнбалын нэрээр 3 дахь удаагаа 1955 оны 9 дүгээр сарын 27-нд БНМАУ-ыг НҮБ-д гишүүнээр элсүүлэн авахыг хүсч дахин өргөдлөө сэргээн өгсөн байна.

Нью Йорк: 1955 оны 12 дугаар сар

1955 оны 12 дугаар сард Ерөнхий Ассамблейн нийт 60 гишүүдийн 52 нь 18 улсыг багцаар нь НҮБ-д элсүүлэх тухай Канад зэрэг 28 орны саналыг дэмжиж байв. Гэтэл уул Зөвлөмжийг Аюулгүйн Зөвлөлөөр хэлэлцэхэд Чан Кайши-гийн төлөөлөгч БНМАУ-ын эсрэг хориг тавьсан тул ЗХУ-ын төлөөлөгч Япон, Испани хоёрыг НҮБ-д авах зөвлөмж өгөхөөс татгалзаж улмаар 18 улсыг зэрэг элсүүлэх асуудал нурсан байна.

Аюулгүйн Зөвлөлийн 12 дугаар сарын 15-ны онцгой хуралдаан дээр ЗХУ-ын төлөөлөгч БНМАУ, Япон хоёроос бусад 16 улсыг НҮБ-д элсүүлэх шинэ санал тавьсныг Аюулгүйн Зөвлөл, Ерөнхий Ассамблейн дийлэнхи олонх зөвшөөрснөөр тэдгээр 16 улс НҮБ-ын гишүүн болжээ. Монгол, Японыг дараа жилийн НҮБ-ын ээлжит чуулганаар элсүүлэх Зөвлөмжийн төслийг ЗХУ-ын төлөөлөгч оруулж ирэхэд АНУ, Английн төлөөлөгчид эсэргүүцсэн байна. АНУ-ын төлөөлөгч ноён Х. Лоуж \Mr. Henry Cabot Lodge\ “Япон, Гадаад Монголыг нэгэн зиндаанд тавьж болохгүй. Япон нь дэлхийн эдийн засаг, соёлд чухал хувь нэмэр оруулсан байхад Монгол бол “газар зүйн ойлголт” юм гэж үгүйсгэж байжээ. Гэвч 1955 онд НҮБ-д багцаар зэрэг элссэн 16 орны дотор Европын социалист орнууд Албани, Болгар, Унгар, Румын зэрэг 4 орон, мөн Азийн Камбож, Лаос гэсэн 2 хөгжиж буй орон багтсан нь БНМАУ-ыг дэмжигчдийн эгнээг өргөтгөж, 1956 онд гишүүнчлэлийн асуудлыг шинээр тавихад түлхэц болж өгчээ.

Нью Дели хот: 1955 оны 12 дугаар сар

БНМАУ Панча-Шила ба Бандунгийн 10 зарчмын үндсэн дээр Азийн томоохон гүрэн Бүгд Найрамдах Энэтхэг Улстай хамгийн түрүүнд дипломат харилцаа тогтоолоо. Дипломат харилцаа тогтоох тухай хэлэлцээг 1955 онд эхлүүлж, 1955 оны 12 дугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоож, Элчин сайд нарыг солилцох тухай Монгол-Энэтхэгийн албан мэдээ нийтлэгдэв. Энэ нь оюун санааны олон зуун жилийн хэлхээ холбоотой Азийн хоёр орон энхийг эрхэмлэн тусгаар тогтнолоо бэхжүүлэх нийтлэг эрмэлзэлтэй явж ирсний үр дүн байлаа. БНМАУ-ын анхны Элчин сайд Б. Очирбат 1956 онд Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Р. Прасадад итгэмжлэх жуух бичгээ барив. Энэтхэг Улсын анхны Элчин сайд Р. Кумар Неру мөн онд итгэмжлэх жуух бичгээ барьжээ.

Энэтхэг улсын зүгээс НҮБ болон олон улсын бусад байгууллагад Монгол улсын хууль ёсны байр сууриа олох гэсэн хүчин чармайлтыг ямагт дэмжиж иржээ. БНМАУ-ын Ерөнхий сайд Ю.Цэдэнбалаас Монгол-Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосонтой холбогдуулан БНЭУ-ын Ерөнхий сайд Жавахарлал Неруд явуулсан илгээлтдээ: “НҮБ-ын гишүүн байх Монгол улсын эрхийг идэвхтэй дэмжиж ариун сайхан чармайлт гаргаж байгааг монголын ард түмэн, түүний засгийн газар өндөр үнэлж байна. Эхлээд Энэтхэг, БНХАУ, дараа нь Бандунгийн бага хурлаас тунхагласан таван зарчим “Панча-ШилагБНМАУ-ын засгийн газар бүрэн дүүрэн дэмжиж байгаа бөгөөд тэдгээр зарчим нь улс гүрнүүдийн хамтын ажиллагааны үндэс болох ёстой гэж үзэж байна” гэжээ. Жавахарлал Неру хариу илгээлтдээ “Энэтхэг ба Монгол Улс бие биетэйгээ дипломат харилцаа тогтоож эрт урьдын нөхөрлөлөө тасалдсаныг сэргээсэнд баяртай байна. Энэ нь хоёр орны ашиг сонирхол болон олон улсын энх тайвны үйлсэд нийцнэ гэж итгэж байна” гэжээ.

Монгол ба Бирмийн ард түмний хооронд нийтлэг ашиг сонирхолд үндэслэн 1956 оны 9 дүгээр сард БНМАУ ба Бирмийн Холбооны хооронд дипломат харилцаа тогтоов. Тухайн үед 677 мянган хав.дөр. км нутагтай, 20 шахам сая хүнтэй Бирмийн Холбооны улс нь Ази, Африкийн орнуудын Бандунгийн бага хурлыг санаачлагчдын нэг байлаа. СнЗ-ийн дарга Ю.Цэдэнбал, Бирмийн Холбооны Улсын Ерөнхий сайд У Ба Све нар хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосныг тохиолдуулан баяр хүргэсэн цахилгаан солилцжээ. Ю.Цэдэнбал цахилгаандаа “Дэлхий дахины болоод Азийн энх тайвны хэрэгт өөрийнхөө хувь нэмрийг оруулж байгаа Бирмийн Холбооны улстай дипломат харилцаа тогтоосон явдалд монголын ард түмэн маш баяртай байна” гэсэн бол У Ба Све “БХУ ба БНМАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосон явдлыг тохиолдуулан элэгсгээр баяр хүргэсэн явдалд Танд талархлаа илэрхийлье” гэжээ.

Улаанбаатар: 1956 оны 9 дүгээр сар

80 сая хүн амтай Азийн томоохон орны нэг БН Индонез Улсын Ерөнхийлөгч Ахмед Сукарно Улсын Их хурлын тэргүүлэгчдийн дарга Ж. Самбуугийн урилгаар БНМАУ-д зочилсон байна. БН Индонез Улсын Ерөнхийлөгч Ахмед Сукарно Улаанбаатар хотод 1956 оны 9 дүгээр сарын 29-нд хүрэлцэн иржээ. БНМАУ-ын Их хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж. Самбуу, Их хурлын дарга Ц. Дүгэрсүрэн, ГЯЯ-ны сайд Д. Адилбиш бусад албаны хүмүүс нисэх онгоцны буудалд угтан авчээ.

Ж. Самбуу угтах ёслолын үеэр хэлсэн үгэндээ “БН Индонез Улсын төрийн гарамгай зүтгэлтэн, Ерөнхийлөгч доктор Сукарно манай оронд ирсэн явдал бол Монгол-Индонезийн харилцааг тогтоон хөгжүүлэхэд чухал зүйл бөгөөд Дорно зүгт ба даян дэлхийд энх тайвныг бэхжүүлэх тэмцэлд Монгол-Индонезийн найрамдал, хамтын ажиллагааг цаашид өрнүүлэхэд асар их тус болно. ..Бүх улс гүрэн, ард түмний энх тайвнаар зэрэгцэн орших алдарт таван зарчмыг тунхагласан Бандунгийн түүхт бага хурлыг хуралдуулах хэрэгт Индонез улс ба ноён Ерөнхийлөгч Таны байгуулсан гавьяа зүтгэлийг БНМАУ өндөр үнэлж байдаг юм. БНМАУ нь өөрийн гадаад бодлогод тэр таван зарчмыг тууштай баримталж, даян дэлхийн энх тайвны хэргийн төлөө түүнийг хэрэг дээр биелүүлэхийн тулд цуцалтгүй тэмцэж байна” гэжээ.

А. Сукарно хэлсэн үгэндээ “350 гаруй жил империализмын дарлагдалд байгаад 11 жилийн өмнө өөрийн тусгаар тогтнолыг олсон Индонезийн 82 сая ард түмнийг төлөөлж би танай оронд ирлээ. Би та нөхдийн дунд ирээд зогсож байгаадаа баяртай байна. Яагаад гэвэл, та нар өөрийн тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө байлдаж ирсэн юм. 35 жилийн өмнө дарлагдлын дор байсан та нар түүний эсрэг тэмцэн босч, хувьсгал хийж эрх чөлөөгөө олж авчээ. Би хүүхэд байхдаа, 40 жилийн өмнө танай орон, танай ард түмэн, танай нийслэл хотын тухай нэгэн ном уншсан билээ. Тэр номонд та нарыг хоцрогдсон хүмүүс, танай орныг хоцрогдсон орон гэж бичсэн байлаа. Гэвч та нар эрх чөлөөгөө олж авснаас хойш их хөгжсөн болохоор одоо ингэж үзэж болохгүй гэж би сайн мэдэж байна. Та нар урагш их давшилт хийжээ. Бид танайхыг Нэгдсэн Үндэстний Байгууллагад орох асуудлыг дэмжиж байгаа юм” гэсэн байна.

1957 оны 1 дүгээр сард Монгол-Индонезийн хоооронд дипломат харилцаа тогтоож, Элчин сайд зэрэгтэй дипломат төлөөлөгчөө харилцан солилцохоор шийдвэрлэжээ. “Үнэн” сонин 1956 оны 12 дугаар сарын 22-ны дугаартаа энэхүү албан мэдээг нийтэлж, “Монгол-Индонезийн ард түмний найрамдал бэхжитүгэй” нэртэй тэргүүн өгүүллийг хэвлэв.

Тус өгүүлэлд “Хятад, Энэтхэг, Индонез зэрэг Ази, Африкийн орнуудын чармайлтаар хуралдсан Бандунгийн бага хурлаас тунхагласан алдарт таван зарчим: бие биеийнхээ бүрэн эрхийг ба нутаг дэвсгэрийн бүрэн бүтнийг хүндэтгэх, үл довтлолцох, дотоод хэрэгтээ үл оролцох  тэгш эрхтэй харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших явдлыг талархан дэмжигч улс орнуудын тоо дэлхийн өнцөг бүрт улам нэмэгдсээр байна” гэж тэмдэглээд “Индонезийн ард түмэн түүний Засгийн газраас империализм ба колоничлолын элдэв хэлбэрийн эсрэг нийгмийн шудрага байдлын төлөө улс түмний эрх чөлөө тусгаар тогтнол, найрамдлын хэргийн төлөө явуулж байгаа бодлого болон Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүнд элсэх явдлыг дэмжиж байгаа бодлогыг нь монголын ард түмэн ойлгож гүнээ талархаж байна” гэжээ. 

Нью Йорк: 1956 оны 11 дүгээр сар

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит XI чуулган 1956 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Нью Йорк хотноо нээлтээ хийжээ. Үүнтэй холбогдуулан “Үнэн” сонин 1956 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Монголын ард түмний цөхрөлтгүй чармайлт” өгүүлэл нийтлүүлэв. Уг өгүүлэлд: “Бага улс үндэстнийг хавчин гадуурхахыг оролдогч АНУ мэтийн өрнө зүгийн гүрний жигшүүрт бодлогын уршгаар энх тайвныг эрхэмлэгч манай улс даруй 10 гаруй жил олон улсын энэ чухал байгууллагад орж чадаагүй юм. Гагцхүү 1955 оны 12 дугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Х чуулганаар олон улсын байгууллагын гишүүн байх БНМАУ-ын зүй ёсны эрхийг НҮБ-ын гишүүн 60 улсын 52 нь зөвшөөрөн хүлээж манай улсыг НҮБ-ын гишүүнд элсүүлэх саналаа өгсөн билээ.

Гэтэл АНУ-ын харгис этгээдийн нөлөөгөөр тэдний уяаны ноход болсон Чан Кайшийнхний бурангуй төлөөлөгчид НҮБ-д БНМАУ-ыг гишүүнээр элсэхэд хориг тавьсан явдлыг монголын бүх ард түмэн хэзээ ч жигшин үздэг юм” гэжээ. Цааш нь тус өгүүлэлд: “Ийм учраас нийгмийн байгуулал, улс төрийн бүрэн эрх, эдийн засгийн хөгжил аль ч талаараа НҮБ-ын гишүүн байх бүрэн эрхтэй БНМАУ-ыг олон улсын энэ байгууллагад одоогийн чуулганаар элсүүлэн авахыг монголын ард түмэн зүй ёсоор хүлээж байна....Монголын ард түмний энэ чармайлт бүрэн зүй ёсны чармайлт учраас НҮБ-ын Ерөнхий Ассамблейн одоогийн чуулганаар БНМАУ, Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн болж, сүүлийн 10 жилд тавьсан манай ард түмэн, засгийн газрын чармайлт биелэгдэх болно гэдэгт монголын бүх ард түмэн бат итгэж байна” гэжээ.    Үнэхээр ч 1956 оны чуулганы үеэр өнгөрсөн оны НҮБ-ын гишүүн орнуудын өргөн дэмжлэгт зоригжсон БНМАУ энэ байгууллагад элсэн орох нь гэсэн хүлээлт өндөр байсан нь илэрхий.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн XI чуулган 1956 онд хуралдах үед БНМАУ-ын Засгийн газар НҮБ-ын гишүүн байх тус улсын эрх зүй ёсны гэж итгэж Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбалын гарын үсэгтэй өргөдлийг 1956 оны 9 дүгээр сарын 14-нд илгээж, өмнөх чуулганы олонхын саналыг харгалзан Ерөнхий Ассамблейн ээлжит чуулганаар Монголын өргөдлийг авч хэлэлцэх хүсэлтийг дахин тавьжээ. “Үнэн” сонин 1956 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дугаартаа “Дайны дараах үед БНМАУ нь олон улсын харилцаа, хамтын ажиллагаагаа итгэлтэй өргөжүүлж одоо нилээд олон оронтой дипломат харилцаа тогтоожээ. Үүний дотор БНХАУ, Энэтхэг, ЗХУ мэтийн их гүрнүүд мөн түүнчлэн Польш, Чехословак, Бирм болон Ази, Европын бусад орнуудыг дурдаж болно. БНМАУ хүн төрөлхтөний ихэнх хувийг /дэлхийн хүн амын хувьд хэлжээ Ц.Б./ хамарсан улсуудтай хэвийн дипломат харилцаатай байна” гэж учирлаж байв.

Улаанбаатар: 1956 оны 12 дугаар сар

1956 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Аюулгүйн Зөвлөлөөр БНМАУ-ыг гишүүнээр элсүүлэхийн төлөө ЗХУ, Югослав, Иран, Перу саналаа өгч, Чан Кайши ба Батистын Кубын төлөөлөгч татгалзаж, Австрали, Бельги, Англи, АНУ, Франц түдгэлзсэн байна.

1956 оны 12 дугаар сарын 12-ны өдөр болсон Аюулгүйн Зөвлөлийн хуралдаан дээр ЗСБНХУ-ын төлөөлөгч А.А. Соболев БНМАУ-ыг НҮБ-д хууль ёсных нь байр суурийг эзлүүлэхийг дэмжиж дэлгэрэнгүй үг хэлсэн байна. А.А. Соболев дэлхийн II дайны дараа БНМАУ гадаад харилцаагаа мэдэгдэхүйц өргөжүүлснийг цохон дурджээ.

“Дайны дараах үед БНМАУ нь олон улсын харилцаа, хамтын ажиллагаагаа итгэлтэй өргөжүүлж, одоо нэлээд олон оронтой дипломат харилцаа тогтоожээ. Үүний дотор БНХАУ, Энэтхэг, ЗХУ мэтийн их гүрнүүд, мөн түүнчлэн Польш, Чехословак, Бирм болон Ази, Европын бусад орнуудыг дурдаж болно. БНМАУ хүн төрөлхтөний ихэнх хувийг хамарсан улсуудтай хэвийн дипломат харилцаатай байна”.

Тэрбээр ингэж бахархаж чадах улс НҮБ-д тийм ч  олон биш гэдгийг тэмдэглээд: “БНМАУ бусад орнуудтай эдийн засаг, соёлынхоо харилцааг жил ирэх тусам өргөтгөж байна. БНМАУ олон улсын бага хурлууд ба худалдааны яармагуудад идэвхтэй оролцож байна. Энэ жил Англи, Франц, Америк, Австрали, Швед, Финланд, Норвег, Австри, Япон зэрэг нэлээд орны олон нийтийн төлөөлөгчид БНМАУ-аар явсан билээ. Тэр хүмүүс улс төр, шашны янз бүрийн үзлийг баримталдаг боловч БНМАУ-ын бодит байдалтай танилцаад тус орныг одоо болтол НҮБ-д аваагүйг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэхгүй байж чадахгүй байв” гэжээ. Үнэхээр ч 1955-1956 онд БНМАУ гадаад ертөнц, ялангуяа социалист бус ертөнцтэй харилцах талаар үсрэлт гаргасан билээ.

“Үнэн” сонин 1956 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Аюулгүйн Зөвлөлд болсон хууль бус явдал” нэртэй тэргүүн өгүүлэл нийтлэв. Уг өгүүлэлд: “БНМАУ-ыг НҮБ-д авах тогтоолыг энэ 12 дугаар сарын 12-нд Аюулгүйн Зөвлөлд батлахад Чан Кайшийн төлөөлөгчид, хориг тавьсан тэр хууль бус явдлыг монголын ард түмэн сонсож, жигшин үзэж байна. Монголын ард түмэн, хууль ёсоор НҮБ-д өөрийн суурь байраа эзлэхэд НҮБ-ын Х чуулган дээр Чан кайшийнхэн саад хийсэнтэйгээ нэг адил мөн энэ удаа Чан Кайшийн бүлгийн төлөөлөгчид өөрийн эздийн явуулгаар бас хориг тавьлаа. Аюулгүйн Зөвлөлд ийм маягаар дахин хөгөө чирсэн бузар явдал болсныг дэлхий даяар мэдлээ” хэмээн монголын олон нийтийн уур хилэнг илэрхийлсэн байна. Өгүүлэлд цааш нь : “Энэ 10 жилийн дотор юу болсон бэ? гэхэд Чан Кайшийн дампуурсан бүлэг Хятад улсаас бүрмөсөн хөөгдөв. Алс Дорнод ба даян дэлхийн энх тайван аюулгүй байдлын тулгуур болсон хүчирхэг БНХАУ байгуулагджээ. Хятадын ард түмний аугаа их хувьсгалын үр дүнд БНМАУ-ын дэлхий дахины байдал улам их бэхжив. Хэдийгээр дайсагнагч этгээд саад тотгор хийвч манай орон олон улсын өргөн тайз дээр итгэлтэй гарч байна. ...Манай улсын хувьд гаргасан Аюулгүйн Зөвлөлийн тэрхүү гутамшигт шийдвэр бол НҮБ-ын нэр хүндийг гутааж, түүний дүрмийг бүдүүлгээр зөрчсөн хэрэг болох нь эргэлзээгүй юм. Аюулгүйн Зөвлөлд болсон энэ хууль бус явдал нь Чан Кайшийнхнийг НҮБ-ээс хөөн зайлуулах нь зайлшгүй болсныг дахин нотолж байна” хэмээжээ.

Нью Йорк: 1957 оны 9 дүгээр сар

1957 онд Монголын Засгийн газраас Аюулгүйн Зөвлөлийн даргын нэр дээр тус орныг НҮБ-д элсүүлэх асуудлыг нааштай шийдвэрлэхийг эрж ГЯЯ-ны сайд С. Аварзэдийн гарын үсэгтэй 5 дахь удаагийн өргөдлийг 9 дүгээр сард хүргүүлсэн байна. Энэ удаад БНМАУ-ыг НҮБ-д авах талаар ЗХУ ба Шведийн хамтран оруулсан тогтоолын төслийг Аюулгүйн Зөвлөлд 1957 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр санал хураахад АНУ, Филиппин, Куба, Колумби, Чан Кайши-гийн төлөөлөгчид татгалзаж, Англи, Франц, Ирак, Австрали түдгэлзсэн байна.

Хүйтэн дайны уур амьсгал, үзэл суртлын тэмцлээс болж НҮБ-ын гишүүнчлэлийн асуудал мухардалд орсон байдал Монголыг НҮБ-д элсэхийг олон жилээр хойш татсан бодит шалтгаан байв. 1955-1957 оны зурвас үед БНМАУ-ын гишүүнчлэлийн асуудал идэвхтэй яригдаж, зөвхөн ЗХУ тэргүүтэй социалист лагерийн орнууд төдийгүй Энэтхэг, Индонез, Бирм зэрэг Азийн томоохон орнуудын дэмжлэгийг хүлээж байсан нь бодит зүйл билээ. НҮБ-д социалист болон хөгжиж буй орнуудын гишүүнчлэлийг өргөтгөх ЗХУ-ын бодлого БНМАУ-ын гишүүнчлэлийн асуудлыг цоо шинэ, урьд байгаагүй өндөр түвшинд аваачиж тавихад түлхэц үзүүлэв.

Ялангуяа 1956 оны эцсээр Монгол Улс НҮБ-д хууль ёсны байр сууриа эзлэх нь гэсэн хүлээлт Монголд маш өндөр байж, Ю. Цэдэнбалын гарын үсэгтэй албан ёсны 4 дэх өргөдлөө хүргүүлж, Аюулгүйн Зөвлөлийн бүх гишүүдэд хүрч ажиллахыг чармайж байв. Гэвч тэр үед Их гүрнүүд НҮБ-ын шинэ гишүүд элсүүлэхэд өөрийн үзэмжээр харилцан хориг тавьж байсан тул Чан Кайшигийн дэглэм түүнийг овжин ашиглаж, ЗХУ-ын “хараат улс” гэж үзэж байсан БНМАУ-д хориг тавих вето эрхээ хэрэгжүүлж байв. Түүнчлэн БНМАУ гадаад харилцааны туршлага нимгэн, социалист бус ертөнцтэй харилцах “цонх” дөнгөж нээгдсэн, Улаанбаатар нь Суэцийн хямрал, Унгарын үйл явдал зэрэг олон улсын зарчмын асуудлаар ЗХУ-ыг аялдан дагалдаж, “Зөвлөлтийн нөлөөний тоглоомын улс” гэсэн ойлголт Өрнөдийн улсуудад төрүүлсэн нь нөлөөлж байсныг мөн тэмдэглэх нь зүйтэй.

/Үргэлжлэл бий.../

Академич, Элчин сайд Цэдэндамбын Батбаяр