Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Их Долоогийн удирдагчид нүүрсийг эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглахыг зогсоох хугацааг тогтоож чадсангүй

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Британи арлын баруун өмнөд эрэгт гурван өдөр үргэлжилсэн Их Долоон гүрний удирдагчдын уулзалт Ням гарагт өндөрлөлөө.

Уулзалтаас гаргах хамтарсан мэдэгдэлд тэд коронавирусийн цар тахалтай тэмцэхэд ядуу буурай орнуудад нэг тэрбум тун вакцин хандивлах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд нь туслах, үндэстэн дамнасан компаниудаас авах татварын доод хэмжээг тохирох зэрэг асуудлууд дээр зөвшилцөлд хүрснээ зарлахаар төлөвлөжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден бусад гүрнүүдийн удирдагчдыг Хятад улсын түрэмгий бодлогын эсрэг нэгдсэн фронтоор тэмцэхийг уриалсан ч хамтарсан мэдэгдэлд энэ талаар хангалттай тусгаагүй байна.

Европын зарим удирдагчид Хятад улсад АНУ шиг хатуу хандах сонирхолгүй байгаа нь харагджээ. Тухайлбал Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон “Их Долоо бол Хятадтай дайсагнах зорилготой бүлэг биш. Энэ бол дэлхий нийтийн асуудлуудаар Хятадтай хамтран ажиллах ардчилсан орнуудын нийгэмлэг юм” гэж мэдэгдсэн байна.

Их Долоо 2022 онд багтаж дэлхийн ядуу буурай орнуудад нэг тэрбум тун вакцин хандивлахаар болсныг хангалттай биш гэж ажиглагчид үзэж байгаа юм. Цар тахлыг төгсгөл болгохын тулд дэлхийн хүн амын 70 хувийг вакцинжуулах шаардлагатай ба үүнд 11 тэрбум тун вакцин хэрэгтэй гэж ДЭМБ үздэг.

Британийн ерөнхий сайд асан Гордон Браун их гүрнүүд хангалттай хэмжээний вакцин хандивлах амлалт аваагүйг “уучилж болшгүй ёс суртахууны алдаа” гэж нэрлэжээ.

Энэ удаагийн уулзалтыг зохион байгуулагч Их Британи улс болон Европын Холбоо эрчим хүч үйлдвэрлэлд нүүрс ашиглахыг зогсоох хугацааг 2030 оны хавьцаа тогтоох санал оруулсан ч хамтарсан мэдэгдэлд тодорхой хугацаа заагаагүй орхисон байна.

Тодруулбал ямар нэг хугацаа заалгүйгээр нүүрснээс татгалзах үйл явцыг “хурдасгана” гэсэн амлалт авчээ. Их Долоогийн ихэнх гүрнүүд хугацаа тогтоохыг дэмжиж байсан ч зарим нь нүүрснээс эрт татгалзахын эсрэг байр суурьтай байсныг эх сурвалжууд мэдээлсэн байна.

Хамтарсан мэдэгдлийн агуулгад өөрчлөлт оролгүйгээр батлагдаж, удахгүй албан ёсоор зарлагдах төлөвтэй байгааг бас мэдээлжээ.

 

Эх сурвалж: AFP