Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Путин Трампыг “хурц тод хүн”, Байденыг “карьер хөөгч” гэж тодорхойлов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх долоо хоногт Швейцарын Женев хотноо АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай анх удаа уулзах гэж байна.

Тэд өмнө нь нүүр тулж байсан хэдий ч төрийн тэргүүний хувиар огт уулзаж байгаагүй юм.

Энэхүү уулзалт Орос-Америкийн харилцаа түүхэн доод хэмжээндээ хүртэл муудаад байгаа үед болж байгаагаараа онцлог.

Баасан гарагт Владимир Путин NBC News телевизийн сувагт ярилцлага өгөхдөө АНУ-ын одоогийн болон өмнөх ерөнхийлөгч нарыг харьцуулжээ.

“Одоо ч гэсэн би өмнөх ерөнхийлөгч Дональд Трампыг онцгой содон, авьяас чадвартай хувь хүн гэж хардаг. Тийм биш бол тэр хүн АНУ-ын ерөнхийлөгч болохгүй байсан. Тэр бол хурц тод хүн. Тэр АНУ-ын улс төрийн хүрээнээс гарч ирээгүй. Тиймээс түүнд зарим хүмүүс дуртай, зарим нь дургүй байдаг байх” гэж Путин экс ерөнхийлөгчийн талаар ярьсан байна.

Харин одоогийн ерөнхийлөгч Жо Байдены талаар тэр “Трампаас тэс өөр төрлийн хүн. Насаараа улс төрч байсан, карьер хөөгч” гэж тодорхойлжээ. “Тэр бол өөр төрлийн хүн. Түүнд давуу тал ч байгаа, сул тал ч байгаа. Гэхдээ АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд ямар нэг огцом, гэнэтийн алхам хийхгүй гэдэгт найдаж байна” гэж ярьжээ.

Дональд Трампыг ерөнхийлөгч байх үед Путинтэй болгоомжтой, зөөлөн харилцдаг гэсэн шүүмжлэл яригддаг байсан.

Тухайлбал 2018 онд Хельсинки хотод Путинтэй уулзсаныхаа дараа Трамп 2016 оны сонгуулийн үр дүнд ОХУ-ын талаас нөлөөлөхийг оролдсон гэх тагнуулын байгууллагынхаа дүгнэлтийг үгүйсгэж байв.

Хельсинкид болсон уулзалтын дараа Трамп, Путин нар хамтарсан хэвлэлийн хурал зохион байгуулж байсан. Харин Жо Байден удахгүй болох уулзалтын дараа ганцаар хэвлэлийн хурал хийх болсон тухай Цагаан ордон өчигдөр мэдээлжээ.

 

Эх сурвалж: NBC News