Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Амазоны босстой цуг сансарт нисэхийн тулд нэг хүн $28 саяыг төллөө

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Амазон компанийн үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян хүн Жэф Безос долдугаар сарын 20-ны өдөр өөрийн Blue Origin компанийн хөлгөөр сансарт нисэхээр болсон билээ.

Энэ нь сансрын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой байгуулагдсан Blue Origin компанийн хүн тээвэрлэх анхны аялал юм. 

Анхны аялалд Безосоос гадна хоёр хүн хамт нисэх ажээ. Тэдний нэг нь тэрбумтны төрсөн дүү Марк Безос бол нөгөөх нь дуудлага худалдаагаар хамгийн их мөнгө төлсөн хүн байх юм. Гурав дахь суудлын дуудлага худалдаа өчигдөр өндөрлөж, $28 саяыг төлсөн нэг эрхэм ялагч болжээ. Одоохондоо хэн ялсан нь тодорхойгүй байгаа ба ойрын үед нэрийг нь зарлахаар болсон байна.

Дуудлага худалдаанд дэлхийн 140 гаруй орны иргэд өрсөлджээ. Сар гаруй хугацаанд үргэлжилсэн үнэ хаялцах ажиллагааны үеэр суудлын үнэ $5 сая гаруйд хүрээд байсан ч сүүлийн өдрүүдэд тав дахин өссөн байна.

Дуудлага худалдаанаас олох мөнгийг Blue Origin компани өөрийн “Club for Future” санд зарцуулах гэнэ.

 Жэф Безосын хөрөнгийн хэмжээ сүүлийн байдлаар $186.2 тэрбумд хүрээд байгаа. Тэрбээр удахгүй 30 гаруй жил удирдсан Амазон компаниа орхиж, Blue Origin зэрэг шинэ төслүүдэд цаг заваа зориулахаар болсон.

Blue Origin-ий New Shepard хөлөг дэлхийн гадаргаас 100 км өндөрт буюу агаар мандал, сансрын уудам хоёрын зааг дээр зургаан зорчигчийн суудалтай капсулыг тээвэрлэн хүргэх юм.

Капсул нь тэнд 4 минут болсны дараа буцаж шүхрээр дэлхийд газардана. Энэхүү 4 минутын хугацаанд зорчигчид жингүйдлийг мэдэрч, дэлхийн бөмбөрцөг хэлбэрийг цонхоор харж сонирхох юм. Богинохон боловч үнэ цэнэтэй агшныг олон талаас нь буулгах камернуудыг капсулын бүхээгт байрлуулжээ.

Капсулыг өндөрт хүргээд буцах New Shepard хөлгийн хурдасгуур босоо байрлалтайгаар дэлхийд газардана. Хөлөг хөөрөхөөс эхлээд зорчигчид газардах хүртэл нийтдээ 10 минут зарцуулах юм.

New Shepard хөлгийн нэр нь түүхэнд анх удаа сансарт ниссэн АНУ-ын иргэн Алан Шепардын нэртэй холбоотой.

Амазоны боссыг сансарт нисэхээр бэлдэж байх зуур өрсөлдөгчид нь түрүүлж алхам хийж болзошгүй байгааг зарим эх сурвалж мэдээлжээ.

Тухайлбал сансрын аялал жуулчлалын чиглэлээр ажиллаж байгаа Британийн тэрбумтэн Ричард Брэнсон долдугаар сарын 4-ний өдөр өөрийн бүтээсэн Virgin VSS Unity хөлгөөр сансарт хөөрнө гэсэн яриа тараад байна.

New Shepard хөлгийн ажиллах зарчим, төлөвлөгөө:

 
 

 

Эх сурвалж: BBC