Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Москва хотод цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн тул албан хаагчдаа долоо хоног амраахаар боллоо

Т.Давааням, ikon.mn
2021 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

24 цагийн хугацаанд ОХУ даяар коронавирусийн халдварын 13,510 шинэ тохиолдол нэмэгдсэн тухай тус улсын цар тахалтай тэмцэх төвөөс Бямба гарагт мэдээлжээ.

Энэ нь хоёрдугаар сарын сүүлчээс хойш нэг өдөрт хамгийн олон тохиолдол илэрсэн хэрэг юм. Үүний тал орчим нь буюу 6,701 тохиолдол нь нийслэл Москва хотод бүртгэгджээ. Нэгдүгээр сараас хойш Москвад ийм олон тохиолдол нэг өдөрт бүртгэгдээгүй юм.

Шинэ тохиолдлуудын тоог зарласнаас хойш хэдэн цагийн дараа Москва хотын дарга Сергей Собянин вирусийн тархалтыг хязгаарлахын тулд нэг долоо хоногийн хугацаатай онцгой арга хэмжээ авахаар болсноо зарлажээ.

Москва хотын ажилтан, албан хаагчдад ирэх долоо хоногийн турш цалинтай чөлөө олгуулахаар болсон байна. Өөрөөр хэлбэл зургаадугаар сарын 12-ноос эхлээд 20-ны өдрийг дуустал урт амралт эдлүүлэхээр болжээ.

Үүнтэй зэрэгцэн шөнийн цагаар Москва хотод хөл хорионы дэглэм үйлчлэх юм байна. Тодруулбал ресторан, баар, шөнийн клубүүд 23:00 цагаас 06:00 цаг хүртэл хаалгаа барьж, энэ үед зөвхөн хүргэлтийн үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Энэ хугацаанд хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд хөл хорио тогтоох юм байна.

Урт амралтын өдрүүдэд Москва хотод зөвхөн вакцинжуулалтын цэгүүд хэвийн ажиллах гэнэ. Хувийн хэвшлийнхэнд ажилтнуудынхаа 30 хувийг гэрээс нь ажиллуулах зөвлөмжийг Собянин өгсөн байна.

 

Эх сурвалж: Russia Today