Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцад хийсэн мониторингийн үр дүнг Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс танилцууллаа.
Монголын эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн гүйцэтгэх захирал Ц.Тамир "Манай байгууллага Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр фэйсбүүк орчинд судалгаа хийлээ. Хамгийн олон хариу үйлдэлтэй постуудын 70 хувь нь сонгуулийн сурталчилгааны эхний долоо хоногт хамаарч байна. Хувь хэмжээ нь дараагийн долоо хоногтоо буурсан.
Эхний долоо хоногт төвийг сахисан мэдээлэл гарсан бол, хоёр дахь долоо хоногоос эерэг, сөрөг мэдээлэл хоёр туйл руу өссөн. Тэнцвэргүй мэдээлэл огцом өссөн гэж дүгнэж болохоор байна. Сөрөг агуулгатай мэдээллийг хамгийн их шэйр хийх буюу бусдад түгээдэг юм байна.
Харин эерэг агуулгатай мэдээлэлд лайк дарах юм уу дэмжиж байгаагаа илэрхийлдэг дүр зураг ажиглагдлаа. Хамгийн их хариу үйлдэлтэй постуудын 75 хувь нь У.Хүрэлсүх нэр дэвшигчтэй, 20 хувь нь Д.Энхбат нэр дэвшигч, таван хувь нь С.Эрдэнэ нэр дэвшигчтэй холбоотой мэдээлэл байлаа.
Нэр дэвшигч С.Эрдэнийн тухай хамгийн их эерэг буюу 72.2 хувь, нэр дэвшигч У.Хүрэлсүхийн тухай хамгийн их сөрөг мэдээллүүд гарсан. Ижил агуулгатай буюу зохион байгуулалттайгаар мэдээлэл түгээх тохиолдол их гарсан гэж дүгнэж байна.
Хүний эрхийн зөрчлүүдэд мониторинг хийлээ. Ингэхэд нэр хоч өгч, доромжилсон агуулгатай мэдээлэл их байсан. Үндэс угсаа, ажил мэргэжлээр нь ялгаварлан гадуурхах гэсэн хандлагууд удаалж байлаа" гэв.
"Мидас" төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал С.Энхжаргал "Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бүртгэлээс гадна хаягжилт том асуудал үүсгэсэн. БЗД-ийн 26 дугаар хороонд ижил дугаартай байрнууд байсан.
Сонгогчдын нэрийн жагсаалтыг шалгадаг процедурыг сайн болгох хэрэгтэй. Одоогийн гурав биш 30 хоногоор энэ жагсаалтыг өгөөд, гарч байгаа өөрчлөлтийг тухай бүрд нь мэдээлэх нь зөв. Вакцин хийлгэхээр очсон хүний зураг нь өөр байсан гэсэн мэдээлэл сошиалаар их гарсан. Тухайн хүнтэй фэйсбүүкээр дамжуулан холбогдож, өөрсдийн зургаа шалгахыг зөвлөсөн.
Ингээд сонгууль өгөхөд хэвийн байна гэдгийг хэлсэн байгаа. Зарим нэг мэдээллийг хүмүүс шалгахгүйгээр их хуваалцаж байна. Энэ нь вакцины бүртгэлтэй холбоотой системд гарсан алдаа болохоос биш иргэний бүртгэлтэй холбоогүй.
Burtgel.gov.mn сайтыг сайжруулах саналууд:
УБЕГ, ИТХ хоёрын хоорондын уялдааг сайжруулах шаардлагатай. Хаягийн шинэ системд хаягийн шинэ регистр бий болгож, иймэрхүү маягаар хаягийг илүү ойлгомжтой давхардуулахгүй болгох нь зүйтэй.
Мөн газрын зурагжилт хийх хэрэгтэй. Энэ хаягжилт нь зөвхөн сонгуультай биш түргэн тусламжийн үйлчилгээтэй ч холбоотой. Гадаадад байгаа иргэдийн саналыг дипломат төлөөлөгчдийн газар нь биш, томоохон төвлөрсөн газар нь очиж авахаар төлөвлөх боломжтой. Магадгүй шуудангаар авах асуудлыг шийдэх нь чухал" гэлээ.