Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын товыг өнөөдөр тогтооно

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өндөрлөж, сонгогчдын 67.67 хувийн саналаар МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх ялалт байгуулсныг Сонгуулийн ерөнхий хороо танилцуулсан билээ. 

Хуульд “Нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг СЕХ гаргаж, нийтэд мэдээлнэ. СЕХ нь сонгуулийн дүн болон Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг санал хураалт дууссан өдрөөс хойш 10 хоногийн дотор УИХ-д өргөн мэдүүлнэ” хэмээн заасан байдаг.

Энэ дагуу СЕХ өнөөдөр хуралдаж, сонгуулийн дүнг нэгтгэн, УИХ-д өргөн мэдүүлэх гэж байна. 

СЕХ-ны шийдвэрийг хүлээн авснаар холбогдох байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаан хуралдахаар товложээ. Тодруулбал, 12:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо, 14:00 цагт чуулганы нэгдсэн хуралдаан товлогдоод байна.

Ийнхүү шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх болон тангараг өргөх өдрийг УИХ-аар хэлэлцэн товлоно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд “Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч нь Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргаснаас хойш З0 хоногийн дотор Улсын Их Хуралд Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө” хэмээн заасан байдаг.

Төрийн ордны Их танхимд болох Ерөнхийлөгчийн тангараг өргөн ёслолыг Төрийн ёслолын алба хариуцан зохион байгуулдаг. Ёслолын албанаас шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийг нарийвчлан тогтоож, зохион байгуулдаг уламжлалтай.