Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Нямсүрэн: Нарны хүрээтэй цагирган хэлбэртэй хиртэлт 3 минут 51 секунд үргэлжилнэ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнөөдөр буюу 2021 оны зургаадугаар сарын 10-ны өдөр нар хүрээлж хиртэнэ хэмээн цаг тооны бичигт тэмдэглэжээ.

Уг хиртэлтийн талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Нямсүрэнгээс товчхон тодрууллаа.

-Энэ жил хэдэн удаа нар хиртэх вэ?

-2021 оны хувьд хоёр удаа нарны хиртэлт болох бөгөөд эхнийх нь нарны хүрээтэй цагирган хэлбэртэй хиртэлт өнөөдөр буюу зургаадугаар сарын 10-нд шинэ сар гарах үед тохиож байна.

 Харин хоёр дахь нь арванхоёрдугаар сарын 4-нд Нарны бүтэн хиртэлт болно.

Нар, сар болон дэлхий хоорондын зай, байрлалаас хамааран нарны хиртэлтийг бүтэн хиртэлт, цагирган хэлбэрийн, хагас хиртэлт гэж ангилдаг. Энэ удаагийнх нь нарны хүрээтэй цагирган хэлбэртэй хиртэлт юм.

 
Нарны цагирган хэлбэрийн хиртэлтийн харагдах байдал

-Нарны хүрээтэй цагираган хэлбэрийн хиртэлт нь өнөөдөр дэлхийн аль хэсэгт илүү сайн харагдах вэ. Монгол орны нутаг дэвсгэрт ажиглагдах болов уу?

- Өнөөдөр болох хиртэлтийн цагирагийн фазын зурвас Хойд Америк, Хойд мөсөн далай, ОХУ-ын зүүн хойд хэсгийг дайран өнгөрнө. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан газруудад нарны хиртэлт сайн ажиглагдана.

Харамсалтай нь цагираг хэлбэрийн зурвас нь манай орны хүн ам цөөнтэй газраар дайран өнгөрөх тул Улаанбаатар хотод ажиглагдахгүй гэсэн үг.

Харин манай орны баруун урд хэсгээр фазын зурвас дайран өнгөрөх тул орон нутгийн цөөн хүн амтай аймгууд энэхүү гайхамшигт цагираг хэлбэрийн үзэгдлийг үзэх боломжтой байсан.

-Хугацааны хувьд хиртэлт хэр удаан үргэлжлэх вэ?

- Хиртэлт Улаанбаатарын цагаар 16:12:15 цагт эхлээд 21:11:15 цагт дуусах юм. Өөрөөр хэлбэл, яг одоо нарны хиртэлт эхэлсэн байна. Гэхдээ нарны хиртэлтийн цагирагийн үргэлжлэх хугацаа нь 3 минут 51 секунд байх юм.

Сарны хавтгайн талбай сарны хавтгайг бүрэн хаах хэмжээнд хүрэхгүйгээс цагирган хэлбэрийн гэрэлтэлт ажиглагдана гэсэн үг.

(NASA-гийн тооцоолон гаргасан хиртэлтийн параметрүүд, гол зурвасын дайрч өнгөрөх зам, хугацааг харуулсан зураг)

 
Нарны цагирган болон хагас хиртэлт ажиглагдах зурвас зам, хугацаа, сарос, магнитуд зэргийг харуулсан байна

-Өнгөрсөн сард мөн сарны бүтэн хиртэлт болж байсан. Дараагийн хиртэлт нь мөн хэзээ болох талаар хэлж өгөхгүй юу?

-2021 онд нийтдээ дөрвөн хиртэлт болох бөгөөд нарны хоёр хиртэлт, сарны хоёр хиртэлт болох юм.

Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сарын 26-нд сар бүтэн хиртсэн нь эхний хиртэлт болсон юм. Дараагийнх нь өнөөдөр болж байгаа бөгөөд нар хүрээлж хиртэж байна.

Харин гурав дахь хиртэлт арваннэгдүгээр сарын 19-нд ажиглагдах бөгөөд энэ үед сарны хагас хиртэлт болно. Хамгийн сүүлд арванхоёрдугаар сарын 4-нд нар бүтэн хиртэнэ.