Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Парламентад суудалгүй улс төрийн намаас болон хувь хүмүүс бие даан нэр дэвших хуулийн орчин байхгүй нь иргэдийн сонголтыг хумьж буй хэрэг"

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглалт хийхээр манай улсад ирсэн Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт хүний эрхийн газар (АИХЭГ)-ын ажиглагчид урьдчилсан байдлаарх дүгнэлтээ өнөөдөр тайлагналаа.

"Санаа зовоосон нэг зүйл нь Үндэсний аудитын газар нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны хөтөлбөрийг урьдчилан баталдаг журам нь нэр дэвших эрхэд хөндлөнгөөс халдах бололцоог бий болгож байна. Өөрөөр хэлбэл нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны хөтөлбөрт нь хөндлөнгөөс оролцож байна хэмээн үзсэнээ танилцуулгын үеэр АИХЭГ-ын Сонгуулийн тусгай үнэлгээний хорооны тэргүүн Лолита Чигане онцлов. 

Үргэлжлүүлэн тэрбээр "Цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн энэ цаг үед Сонгуулийн ерөнхий хороогоор ахлуулсан сонгууль эрхэлсэн байгууллагууд сонгуулийг үр дүнтэй зохион байгуулсан төдийгүй үйл ажиллагаа нь ил тод байсан гэж итгэж байна. Бидний уулзсан зарим оролцогч талууд сонгуулийн хороодын үйл ажиллагаанд итгэлтэйгээр дуу хоолойгоо илэрхийлсэн бөгөөд доод шатны сонгуулийн хороодын хараат бус бие даасан байдлыг дэмжих шинэ арга хэмжээ авч хэрэгжүүлж байсныг бид ажигласан. 

Ажиглалтын үр дүнгээс

 
Гэрэл зургийг MPA.mn
  • Сонгогчдын боловсрол мэдлэгийг дээшлүүлэх материал, холбогдох баримтуудыг боловсруулахад иргэний нийгмийн байгууллагууд ихээхэн хувь нэмэр оруулсан.
  • Харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан төрөл бүрийн хэлбэр бүхий сонгуулийн мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлсэн СЕХ-ны үйл ажиллагаанд сайшаалтай байна.
  • Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хууль эрх зүйн орчин ихээхэн өөрчлөгдсөн боловч нэр дэвшигчдэд тавигдах шаардлага, нэр дэвшүүлэх үйл ажиллагааны явцтай холбоотой зарим чухал зөвлөмжүүд хуульд тусгагдаагүй хэвээр байна.
  • Нэр дэвшүүлэх үйл ажиллагааны хувьд парламентад суудалгүй улс төрийн намаас болон хувь хүмүүс бие даан нэр дэвших хуулийн орчин байхгүй байгаа нь нэр дэвших эрхийг хязгаарласан төдийгүй иргэдэд сонголт хийх боломжит хувилбарыг хумьж буй хэрэг. Өөрөөр хэлбэл сонгогчдын эрхийг маш ихээр хязгаарлаж байна гэж үзэж байна.
  • Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай шинэ хуульд нэр дэвшигчид хамаарах олон хязгаарлалт хэвээрээ байгааг анзаарсан.
  • Шинэ хуулиар нэр дэвшигчдэд гэмт хэрэгт холбогдоогүй байх, цэргийн алба хаасан байх ёстой гэх мэт зарим хязгаарлалтыг хүчингүй болгосонд талархаж байна.
  • Харин үндэс угсаа, оюуны бэрхшээлтэй байдал, санхүүгийн байдал, зохих  журамгүйгээр яллахтай холбоотой байдлыг хэвээр үлдээсэн нь олон улсын жишиг, ЕАБХАБ-ын гишүүн орны үүрэг амлалттай зөрчилдөж байгааг анзаарсан.
  • Сонгуулийн санхүүжилтын эрх зүйн орчин, хяналт, ил тод байдлыг бүрэн хангаж чадахгүй байна" гэлээ. 

Хэвлэл мэдээллийн орчны тухайд тэрбээр Монголын хэвлэл мэдээллийн орчин идэвхтэй байсан ба олон тооны хэвлэл мэдээллийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг хэдий ч ихэнх нь улс төрийн оролцоот эзэмшигчээсээ хараат байгаа нь ажиглагдсан болохыг мэдээлэв.