Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Доржханд: Бид цаашид ч Монголын улс төрд шинэ салхийг салхилуулах, зөв хүмүүсийг нэр дэвшүүлэх болно гэх итгэл үнэмшлийг авч чадлаа

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хөдөлмөрийн үндэсний намаас ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 

ХҮН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбатын сонгуулийн ерөнхий менежер Т.Доржханд "Энэ удаагийн сонгууль нь өмнөх 30 жилд хийгдсэн сонгуулиудаас маш их ялгаатай сонгууль боллоо гэж дүгнэж байна. Ямар нэгэн байдлаар бие биенээ харлуулж гүтгээгүй болон зардал багатай сонгууль болсон нь онцлог байлаа.

Нийгмийнхээ хүлээлтийг хүлээн авч хамгийн олон санал авсан МАН-ын дарга У.Хүрэлсүх танд баяр хүргэж, амжилт хүсье. Монгол төрийн эрхэм хүндтэй энэхүү албыг зургаан жил нэр төртэйгээр хашна гэдэгт итгэж байна. Мөн бидэнтэй өрсөлдсөн АН-ын дарга С.Эрдэнэ танд мөн талархлаа илэрхийлж цаашдын ажил амьдралд тань сайн сайхныг хүсье.

Энэ удаагийн сонгууль гурван нэр хүндтэй эрхэм өрсөлдсөний нэг нь Дангаасүрэнгийн Энхбат гэх эрхэм байлаа. Энэ хүн маань өнөөдөр харамсалтай нь эмнэлэгт эмчлүүлж байгаа учир бидний дунд байх боломжгүй байлаа.

Бидэнд итгэж саналаа өгсөн 246,955 сонгогч нартаа нэр дэвшигчийнхээ өмнөөс болон ХҮН-д болон "Зөв ХҮН электорат" эвслийнхээ өмнөөс талархлаа илэрхийлж байгааг минь хүлээн авна уу. 2020 оны сонгуульд оролцож байхад Хөдөлмөрийн үндэсний намд 209 мянган иргэн саналаа өгсөн байдаг бол нэг жилийн дараа 250 мянга болжээ. Өөрөөр хэлбэл бидний дэмжигчдийн тоо өссөн хэвээр байна" гэлээ. 

"Монгол Улсын төрийн тэргүүний босго нь өндөр байг. Бид зөв зүйл дээр дэмжээд, буруу зүйл дээр хатуу байж, идэвх зүтгэлтэйгээр ажиллана"
 
Гэрэл зургийг MPA.mn

Үргэлжлүүлэн тэрбээр "Бид цаашид ч Монголын улс төрд шинэ салхийг салхилуулах, эрүүл улс төр авч ирэх, зөв эрүүл хүмүүсийг нэр дэвшүүлэх болно гэсэн итгэл үнэмшлийг энэ удаа ч мөн авч чадлаа.

Манай нэр дэвшигч нэлээд олон хэсэгт ялалт байгуулсныг цохон тэмдэглэе. Ялангуяа гадаадад байгаа Монголчууд их идэвхтэй оролцлоо. Нийт өгсөн саналын 75.4% нь "Зөв ХҮН электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбатад өгсөн байна. Биднийг сэтгэлээрээ дэмждэг, Монголчуудын асуудлаа дэмждэг, нөлөөлдөг эрхмүүддээ гүн талархлаа илэрхийлж байгааг хүлээн авна уу. Манай эвслийн хувьд 1.2 тэрбум төгрөгийн зардал гаргасан. Энэ бүх мөнгө хандиваар боссон бөгөөд гадаадад байгаа Монголчууд шилжүүлсэн юм. Иймд нөлөөлөл үзүүлсэн эрхмүүддээ гүн талархлаа илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.

Д.Энхбат сарын өмнө гэхэд сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдээгүй байсан нь бодит үнэн. Ердөө нэг сарын өмнө сонгуульд өрсөлдөх шийдвэрээ гаргаад орон даяар явж иргэдтэйгээ уулзсан. Гүнээ дэмжсэн дэмжигч нар, сайн дурын ухаалагч нартаа талархлаа. Мөн нэр дэвшигчийн маань гэргий Оюунцэцэг эгчдээ талархлаа илэрхийлье. Нөхрөө дэмжээд энэ олон залуучуудын итгэл найдварыг өөртөө тээж, үлгэр дуурайл болон нөхрөө дагаад Монголынхоо олон аймгаар явж оролцсонд баярлалаа. Хэдий аялах явцдаа КОВИД-19-ийн халдвар авсан ч сэтгэл зүрхээрээ хамт байсанд талархъя.

Түүнчлэн бидний саналыг хүлээж авсан эгэл жирийн нэгэн инженер, доктор, Дангаасүрэнгийн Энхбат танд ХҮН нам, Зөв ХҮН электорат эвслийнхээ хамт олны өмнөөс дахин талархаж байгаагаа илэрхийлье. Нэр дэвшигч эмнэлэгтээ хэвтэж байгаа биеийн байдал нь маш сайн байгаа. Тун удахгүй эхнэрийнхээ хамт эмнэлгээс гарсан гэсэн хүлээлттэй байна.

Мөн аливаа сонгуульд бодлогын мэтгэлцээн байх ёстой. Монгол Улсын төрийн тэргүүний босго нь өндөр байг. Бид зөв зүйл дээр дэмжээд, буруу зүйл дээр маш хатуу байж, идэвх зүтгэлтэйгээр ажиллана" хэмээв.