Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин: Оросуудыг Украины уугуул иргэд биш гэж үзэх нь инээдтэй бөгөөд тэнэг хэрэг

Т.Давааням, ikon.mn
2021 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Тавдугаар сарын 18-ны өдөр Украины уугуул иргэдийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг тус улсын ерөнхийлөгч Владимир Зеленский танилцуулсан юм.

Уг хуулинд зааснаар Украины газар нутагт бүрэлдэж бий болсон, өөрийн хэл соёл, ёс уламжлалтай үндэсний цөөнхийг Украины уугуул иргэдэд тооцохоор заажээ. Бас эдгээр үндэстнүүдийн байгуулсан улс Украины гадна оршин байх ёсгүй гэнэ.

Энэ тохиолдолд Украинд амьдардаг оросууд тус улсын уугуул иргэд биш болж байгаа юм.

Тэгвэл өчигдөр дотоодын телевизэд ярилцлага өгөхдөө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин оросуудыг Украины уугуул иргэд биш гэж ялгасныг эрс хатуу шүүмжилжээ.

“Орос улсад дагаар орсон газар нутгийн хүмүүс өөрсдийгөө оросууд гэж нэрлэдэг байсан нь хөдөлшгүй баримт. Тиймээс оросуудыг Украины уугуул иргэд биш гэж үзэх нь буруу төдийгүй инээдтэй бөгөөд тэнэг хэрэг” гэж Путин ярьсан байна.

Орчин үеийн Украины газар нутагт 17 дугаар зуунд амьдарч байсан хүмүүс өөрсдийгөө Орос хүн, Үнэн алдартны шашинтанд тооцдог байсан тухай түүхэн баримтыг Путин энэ үеэр дурджээ.

Ийм нарийн түвэгтэй асуудлыг телевизээр дэлгэрэнгүй тайлбарлаж ярихад хэцүү тул тусад нь нийтлэл бичих бодолтой байгаагаа тэр бас хэлсэн байна.

Крымийн хойгтой холбоотой маргаан, Украины дорнод хязгаарт дэгдсэн салан тусгаарлах дайнтай холбоотой хоёр улсын харилцаа эрс муудаад байгаа. Евро 2020 хөлбөмбөгийн тэмцээнд оролцох Украины шигшээ багийн өмсгөлд тус улсын газрын зургийг Крымийн хойгийг багтааснаар дүрслэх болсон нь хоёр улсын хооронд бас нэг зөрчил үүсгэсэн байна.

 

Эх сурвалж:  ТАСС