Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп дэлхийн улс орнуудад Фэйсбүүк, Твиттерийг хаахыг уриалав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Нэгдүгээр сарын 6-нд Капитолын ордон руу дайрахыг уриалж, жагсагчдыг үймээн самуунд турхирсныхаа төлөө АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп гол сошиал платформуудыг ашиглах эрхгүй болоод байгаа.

Твиттер компани Трампыг бүрмөсөн хориглосон бол Фэйсбүүк 2023 оны нэгдүгээр сар хүртэл өөрийн платформыг ашиглуулахгүй байх шийдвэр гаргажээ.

Өнгөрсөн долоо хоногт Твиттер компани экстремист агуулгатай гэж үзсэн Нигери улсын ерөнхийлөгчийн жиргээг устгасан бөгөөд хариуд нь Нигерийн засгийн газар тус компанийн үйлчилгээг улс орондоо хаасан юм. Үүний улмаас Твиттер компани Африк тивийн хамгийн олон хүн амтай (200 гаруй сая) улсын зах зээлийг алдсан байна.

Үүнтэй холбоотой Дональд Трамп мэдэгдэл гаргажээ.

“Ерөнхийлөгчийг нь хориглосны төлөө Твиттерийг хаасан Нигери улсад баяр хүргэж байна. Чөлөөт дуу хоолойг хаан боодог Фэйсбүүк, Твиттер үйлчилгээнүүдийг дэлхийн бусад улс орнууд ч хаах хэрэгтэй. Тэд бүгдийн дуу хоолойг ялгаварлалгүй түгээх ёстой” гэж Трампын мэдэгдэлд өгүүлсэн байна.

Ерөнхийлөгч байх үедээ дээрх үйлчилгээнүүдийг хааж болох байсан ч Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал Марк Закербэргээс болоод ингээгүйгээ Трамп бас хэлжээ.

“Закербэрг байнга над руу залгаж, Цагаан ордонд ирж уулзаж, хоолонд урьж, намайг үргэлж магтдаг байв” гээд ингэж найрсаг хандаж байгаа хүний бизнесийг зогсоохыг хүсээгүйгээ тэр тайлбарласан байна.

Трамп 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх бодолтой байгаагаа хэд хэдэн удаа илэрхийлсэн юм. Хэрвээ тэр Цагаан ордонд буцаж ирвэл Фэйсбүүк, Твиттер компаниудад хатуу хандаж магадгүй байна.

 

Эх сурвалж: Business Insider