Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн сонгогчдын 59.76% нь У.Хүрэлсүхэд, 28.9% нь Д.Энхбатад, 5.26% нь С.Эрдэнэд саналаа өгчээ

A.Жаргал
2021 оны 6 сарын 10
iKon.MN

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн дүн урьдчилсан байдлаар гараад байна. 

Энэ удаагийн сонгуулийн ирц өмнөх долоон удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийнхаас хамгийн багад тооцогдож байгаа юм. Нийт сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй 2,041,985 иргэнээс 1,208,408 нь сонгуульдаа оролцсон байна. Үүнээс 573,138 буюу 47%-ийг Улаанбаатар хотын сонгогчид эзэлж байгаа юм.

 

Нийслэлд санал хураалтад оролцсон эдгээр иргэнээс 59.76% нь МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжсэн бол 28.9% нь "Зөв ХҮН электорат" эвслээс нэр дэвшсэн Д.Энхбат, 5.26% нь АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэд саналаа өгчээ.  

 

Ийнхүү урьдчилсан байдлаар У.Хүрэлсүх сонгогчдын олонхын саналыг авч, Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад байна. 

Олонхын саналыг авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг СЕХ гаргаж, нийтэд мэдээлэх юм. СЕХ сонгуулийн дүн болон Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг санал хураалт дууссан өдрөөс хойш 10 хоногийн дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хуулийн заалттай.