Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Гурван жилийн нууц ажиллагааны үр дүнд дэлхийн 18 улсад олон зуун гэмт хэрэгтнийг баривчилжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо (ХМТ), Австралийн тусгай албаны хамтарсан ажиллагааны үр дүнд дэлхийн 18 улсад үйл ажиллагаа явуулж байсан гэмт хэргийн бүлэглэлүүдийг илрүүлж, олон зуун гэмт хэрэгтнийг баривчилснаа өнөөдөр зарлажээ. Их хэмжээний бэлэн мөнгө, галт зэвсэг, хар тамхийг бас хураасан байна.

Гурван жилийн өмнө ХМТ өөрийн бүтээсэн өндөр нууцлалтай мессенжэрийн аппликэйшнийг ANOM брэндийн дор зориуд гэмт хэрэгтнүүдийн сүлжээнд тарааж чадсан нь илрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэжээ.

 Хамгийн эхлээд Австралийн хар тамхины наймаачин Хакан Аийкт түүний бүлэгт шургалсан тагнуулын ажилтан ANOM аппликэйшнийг төхөөрөмжийн хамт өгч хэрэглүүлэн итгэлийг нь олсон байна. Дараа нь тэр уг системийг бусад хамтрагчдадаа хэрэглэхийг зөвлөснөөр гэмт хэргийн ертөнцөд таржээ.

ANOM нь дуудлага хийдэггүй, мессэж, мэйл солилцдоггүй тусгай зориулалтын хаалттай гар утсанд сууж, зөвхөн ижил төхөөрөмжүүдтэйгээ л харилцдаг аппликэйшн юм байна.

 

Нэгэнт гэмт хэргийн ертөнцөд өөрийн аппликэйшнийг нэвтрүүлж чадсан ХМТ тэдний бүх харилцаа холбоог хянаж эхэлжээ.

“Тэд хар тамхины наймаа, аллагын талаар хоорондоо ярилцаж, хэнийг устгахаа хүртэл хэлэлцдэг байсан” гэж Австралийн холбооны цагдаагийн газрын дарга Рис Кершоу өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр ярьсан байна.

Зөвхөн Австрали улсад 224 хүнийг баривчилсны дотор тус улсын мафийн бүлэглэлийн гишүүд, Азийн орнуудын томоохон гэмт хэрэгтнүүд, хууль бус байкерын бүлгийн гишүүд байжээ.

“Operation Ironside” гэж нэрлэсэн баривчлах ажиллагааны үеэр $35 саятай тэнцэх бэлэн мөнгийг хураасан байна. Австралийн түүхэнд хамгийн томд орох уг ажиллагаанд 4,000 цагдаагийн офицер оролцжээ. Бусад улс орнуудын баривчлах ажиллагаанд оролцсон цагдаа нарын тоо 9,000 хүрсэн байна.

 

Шинэ Зеланд улсад 35 хүнийг баривчлах үеэр $2.7 саятай тэнцэх бэлэн мөнгө хураажээ.

“Энэ бол зөвхөн манай улсад төдийгүй дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүдэд томоохон цохилт боллоо” гэж хэвлэлийн хуралд оролцсон Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгдсэн байна.

Цагийн зөрүүтэй холбоотойгоор өнөөдөр Австрали, Шинэ Зеланд улсууд нууц ажиллагааныхаа тухай танилцуулсан бол Европын хууль хүчнийхэн, АНУ-ын ХМТ өнөөдөр орой үр дүнгээ нийтэд танилцуулах ажээ.

 

Эх сурвалж: BBC