Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Пакистанд эмчийн оронд эмнэлгийн харуул хагалгаа хийсний улмаас өвчтөн нас баржээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Пакистаны зүүн бүсийн хамгийн том хот Лахорын төрийн өмчит эмнэлэгт мэргэжлийн бус хүнээр хагалгаа хийлгэсэн эмэгтэй хоёр долоо хоногийн дараа нас барсан хэргийг шалгаж эхэлснээ орон нутгийн цагдаагийн газар өчигдөр мэдээлжээ.

Ням гарагт нас барсан 80 настай өвчтөн эмэгтэй анх нурууныхаа шарханд хагалгаа хийлгэхээр эмнэлэгт хэвтсэн байна. Гэтэл тус эмнэлэгт харуулаар ажиллаж байсан Мухаммад Вахид Бутт гэгч этгээд өөрийгөө эмч гэж танилцуулаад хагалгааг гүйцэтгэжээ.

Пакистаны төрийн өмчийн эмнэлгүүдэд өвчтөн эмчилгээний мөнгөө шууд эмчдээ төлдөг нь ийм алдаа эндэгдэл гарахад нөлөөлдөг гэнэ.

Мөнгө олох гэсэн мэргэжлийн бус хүмүүс эмчийн дүрд тоглох явдал түгээмэл гардаг ажээ.

“Манай эмнэлэг бол маш том эмнэлэг. Тиймээс эмч бүрийг хаана юу хийж явааг цаг үргэлж хянах боломж байдаггүй” гэж Лахор хотын Майо эмнэлгийн захиргааны ажилтан хэвлэлд ярьсан байна.

Дээр дурдсан Бутт нь өвчтөн эмэгтэйд хагалгаа хийснийхээ дараа гэрт нь хоёр удаа очиж, боолт хийж өгч байжээ. Тэрбээр ингэх бүртээ өвчтөний ар гэрийнхнээс төлбөр авсан байна.

Хоёр долоо хоногийн дараа өвчтөний бие муудахад дахин эмнэлэгт ирэхдээ залилуулснаа мэдэцгээжээ.

Бутт нь хоёр жилийн өмнө өвчтөнүүдээс мөнгө авахыг оролдсон нь илрээд эмнэлгийн харуулын ажлаас халагдсан юм байна. Одоо түүнийг цагдан хориод байгаа ба өвчтөний үхэлд хагалгаа шууд нөлөөлсөн эсэхийг тогтоох задлан шинжилгээг эхлүүлсэн тухай Лахор хотын цагдаагийн газраас мэдээлжээ.

Энэ оны тавдугаар сарын эхээр эмчийн дүрд хувирсан эрэгтэй Лахор хотын бас нэг томоохон эмнэлгийн өвчтөнүүдээс мөнгө авахыг оролдоод баригдсан байна.

2016 онд Пакистаны хоёр дахь том эмнэлэгт мөн эмч болж жүжиглэсэн эмэгтэй найман сарын турш мэдрэлийн мэс заслын эмч нартай хамт хагалгаанд орж байсан нь илэрч байжээ.

 

Эх сурвалж: AFP