Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улс энэ оны эхний таван сард $2.6 тэрбумын бараа, түүхий эд импортолжээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гадаад худалдааны 2021 оны эхний 5 сарын гүйцэтгэлийг экспортын 136,139, импортын 99,228 гаалийн мэдүүлгийг болон бусад эх сурвалжийг үндэслэн Гаалийн ерөнхий газраас гаргажээ.

Эхний таван сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.9 тэрбум ам.доллар болж 2020 оны мөн үеэс 1.9 тэрбум сая ам.доллар буюу 48.2%-аар өссөн байна. Ийнхүү экспортын дүн импортын дүнгээс 722.4 сая ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан аж.

График 1. Гадаад худалдааны нийт бараа эргэлт

 

Экспортод 3.3 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 65.7%-аар өссөн үзүүлэлт болжээ. Экспортод нийлүүлсэн барааны 99%-ийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байгаа юм. 

Экспортын барааны нийт дүнд,

  • Эрдэс бүтээгдэхүүн 2.7 тэрбум ам.доллар буюу 84 хувь; 
  • Ургамлын гаралтай бүтээгдэхүүн 76.3 сая ам.доллар буюу 2.3 хувь; 
  • Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс 165.4 сая ам. доллар буюу 5 хувь;
  • Хүнсний бэлэн бүтээгдэхүүн 44.9 сая ам.доллар буюу 1.3 хувь;
  • Нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 137.5 сая ам.доллар буюу 4.1 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 96.7 хувийг эзэлж байгаа аж. 

2021 оны эхний таван сард,

  • Боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр, зэсийн баяжмал болон цайрын баяжмалыг 100 хувь, чулуун нүүрсний 94.3 хувийг БНХАУ-д;
  • Жоншны 79.6 хувийг БНХАУ-д, 20.4 хувийг ОХУ-д;
  • Үхэр адууны боловсруулсан болон боловсруулаагүй ширний ихэнх хувийг БНХАУ-д;
  • Самнасан ноолуурын 46.8 хувийг Итали-д, 24.9 хувийг БНХАУ-д;
  • Ямааны угаасан ноолуурыг 100 хувь БНХАУ-д,
  • Боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 32.1 хувийг БНСУ-д, 67.9 хувийг Швейцарт тус тус экспортлож дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 88.5 хувийг эзлэж байна.

Харин импортоор нийт 2.6 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2020 оны мөн үеэс 609.2 сая ам.доллароор буюу 30.6 хувиар өссөн болохыг мөн мэдээллээ. 

Импортоор нийлүүлэгдсэн барааны 96 хувийг валютын төлбөртэй худалдаа, 1.5 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.8 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.4 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.04 хувийг боловсруулалтын бараа эзэлж байгаа аж. 

Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд,

  • Машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 460.7 сая ам.доллар буюу 17.7 хувь;
  • Эрдэс бүтээгдэхүүн 438.3 сая ам.доллар  буюу 16.8 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 361.0 сая ам.доллар буюу 82.4 хувь);
  • Мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 404.2 сая ам.доллар буюу 15.5 хувь;
  • Авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 560 сая ам.доллар буюу 21.5 хувь;
  • Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 184.3 сая ам.доллар буюу 7.1 хувь;
  • Химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 227.5  сая ам. доллар буюу 8.7  хувийг тус тус  эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 87.3 хувь ногдож байна. 

Түүнчлэн тус хугацаанд нийт 37.7 сая ам.долларын бараа гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлэгджээ.