Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баярцэнгэл: Түрээсийн чингэлгийн бөөгнөрлийн нэмэлт зардал далайд гарцгүй орнуудыг хүнд байдалд оруулж байна

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 6 сарын 8
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

"Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-аас Монгол Улсын ачаа тээврийн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын Тяньжин боомтод вагон захиалгад орсон 72 галт тэрэг буюу 4,000 орчим чингэлэг бөөгнөрчээ. Энэ нь цар тахлаас үүссэн нөхцөл байдал, БНХАУ экспортын чиглэлд их хэмжээний ачаа бараа гаргах шаардлага, европын чиглэл рүү явах төмөр замын тээвэрлэлтийн эрэлт нэмэгдсэн гэх мэт олон асуудлаас үүдэлтэй аж.

“Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн, Ландбридж ХХК-ын гүйцэтгэх захирал Б.Баярцэнгэл “БНХАУ-ын Тяньжин боомт дээр үндсэндээ хоёр нөхцөл байдал үүсээд байна. Нэгт. Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээс эхлэн Монгол руу явах чингэлгүүд бөөгнөрсөн. Тяньжины бөөгнөрлийн асуудлын тухайд 2019 оны сүүл 2020 оны эхээр гадаад худалдааны эргэлт зогсонги байдалд орж, тээврийн компаниуд эрсдэлээс гарах ажлуудаа зохион байгуулж ажилласан. 2020 оны гурав дөрөвдүгээр улирлаас буюу вакцины шийдэлд хүрснээс хойш БНХАУ-ын эдийн засаг болон дэлхийн улс орнуудын худалдааны эргэлт сэргэж эхэлсэн. Иймээс манай улсад 2020 оны сүүлээс тээвэрлэгч байгууллагуудын тээврийн ачаалал нэмэгдэх, тээврийн эрсдэлийн хомстол үүсэх асуудлууд зэрэгцэн мэдрэгдэж эхэлсэн.

Тяньжин боомтоос Монгол руу явах галт тэрэгний хангалтгүй байдал үүсэж, тавдугаар сарын 31-ний байдлаар 4,000 гаруй чингэлэг бөөгнөрсөн. Үүссэн асуудлын дагуу төр засгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, сард 30-35 галт тэрэг Тяньжинь боомтоос хөдөлдөг байсныг 3-4 дахин нэмэгдүүлж өгөх хүсэлтийг эхний ээлжид Хятадын талд тавьсан. Нааштай шийдэгдэх мэдээлэл ирж байгаа.

Бөөгнөрсөн чингэлэг нааш орж ирээд буцаах ажилд төмөр замын байгууллагууд бэлэн байх, хоосон чингэлгүүдийг далайн тээвэрлэгч компаниудад хүргэж өгөх ажил явагдах хэрэгтэй. Гэтэл 6, 7 дугаар сард манай улсын төмөр зам засварын ажил хийгдэх тул хоосон чингэлгүүд буцаж гарахад ачаалал үүсэх нөхцөл байдалд байна" гэв. 

Тяньжин боомт үндсэн хоёр терминалтай. Хоёр терминал нийлээд долоо хоногт 7-10 чингэлгийн галт тэрэг Монгол Улс руу хаяглан хөдөлгөдөг байна.

"Дээрээс нь буцаах ёстой 700 орчим хоосон чингэлэг Улаанбаатар хотын терминал дээр бөөгнөрсөн байна"

Үргэлжлүүлэн тэрбээр "Хоёрт. Монгол руу хийгддэг тээвэрлэлтийн дийлэнхийг зохион байгуулдаг далайн тээврийн компанийн үнийн өсөлтийн асуудал. Монгол руу тээвэрлэгдэж буй нийт бараа бүтээгдэхүүний 90 орчим хувь нь БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин орж ирдэг. Бид далайн тээврийн компаниудын чингэлгүүдийг түрээсэлж ачаа авч ирж суллаад хоосон чингэлгүүдийг Тяньжинь боомт руу буюу тээвэрлэгчдэд хүргэж өгөх ажлыг зохион байгуулдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар чингэлгийн хангалт сайтай гэгддэг Хятадын далайн тээврийн компани боомт хоорондын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд эрс арга хэмжээ авахаа тавдугаар сарын эхнээс Монголын компаниудад мэдэгдсэн.

Тодруулбал, хуучин хэвийн нөхцөлд далайн тээврийн компанийн чингэлэг Тяньжин боомтод ирснээс хойш ачаагаа Монголд буулгаад, буцааж хүргэх 40-45 хоногийн чөлөөтэй ашиглах хугацаа олгодог байсан. Харин бодлогын өөрчлөлт орсноор Тяньжин боомтод долоо хоног чөлөөтэй ашиглах хугацаа өгч, түүнээс цааш хугацаанд чингэлгийн түрээсийн асуудал яригдаж байгаа. Энэ нь эхний ээлжид өнөөдөр замд яваа чингэлгүүд дээр тодорхойлогдож гарсан.

Чингэлэг түрээсийн төлбөр өдрийн 10-50 ам.доллар бөгөөд дээр нь хадгалалт, тээвэрлэлтийн зардал нэмэгдэхээр ААН-үүдэд хүндрэл учирч чингэлэг тус бүрт доод тал нь 300-400 ам.доллар төлөх болсон. Зардлуудыг нийлүүлж тооцвол, зургаадугаар сарын 1-н буюу түүнээс хойш далайд гарсан чингэлгүүдэд 20 тоннд 6,300 ам.доллар, 40 тоннд 12-13 мянган ам.долларын нэмэлт зардлыг тээврийн хөлсөн дээр нэмж төлөхөөр байгаа юм. Өөрөөр хэлбэл зургаадугаар сарын 1-нээс хойш манай улсын нэг компанийн 200 орчим чингэлэг далайн тээвэрт яваа. Зах зээлийн 10% гэж үзвэл 2,000 чингэлгийн асуудал яригдах ба 12-13 сая ам.долларын шууд нэмэлт зардал гарахаар байна.

Дээр хэлсэнчлэн хоосон чингэлгүүд буцаах ажил удааширсан ба өчигдрийн мэдээгээр 700 орчим хоосон чингэлэг Улаанбаатар хотын терминал дээр бөөгнөрчихсөн. Түгжрэл бөөгнөрлийн нэмэлт зардал замд яваа чингэлгүүдэд ирж байгаа нь далайд гарцгүй орнуудыг маш хүнд нөхцөл байдалд оруулж байна" хэмээв.

Харилцагчдадаа үнэн зөв мэдээллийг баримттай хүргэх үүднээс ийнхүү мэдээлэл хийж буйгаа тус холбооны зүгээс мэдээллийн төгсгөлд онцоллоо.