Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Бичил уурхай эрхлэгч эмэгтэйчүүдийн нийгэм эдийн засгийн байдалд КОВИД-19 цар тахлын үзүүлж буй нөлөөллийг судаллаа

ikon.mn
2021 оны 6 сарын 8
Сурталчилгаа
Зураг зураг
Photo by: Marieke Heemskerk

Сүүлийн жилүүдэд тоо хэмжээ, цар хүрээ нь эрчимтэй нэмэгдэж буй бичил уурхай эрхлэгчдийн асуудал Монгол орны нийгэм эдийн засгийн салбар дахь зайлшгүй хөндөх сэдвийн нэгт зүй ёсоор багтаж буй. Монгол Улсад бичил уурхай эрхлэгчдийн тоо 2013-2019 оны хооронд хоёр дахин өссөн тухай тоо баримтыг "Хариуцлагатай бичил уурхай" форумын үеэр мэргэжилтнүүд мэдээлсэн байдаг.  

Харин 2020 оны эхээр дэлхий даяар тархаж эхэлсэн COVID-19 цар тахал энэхүү бичил уурхайн салбарт ажиллаж, амьдарч буй иргэдийн аж амьдрал, орлогод хэрхэн нөлөөлсөн тухай бодит тоо баримтыг гаргахын тулд Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль, Канадын Бритиш Колумбын Их Сургуулийн Б. Кээвил Уул уурхайн инженерийн сургууль болон “Энхмөнх эргэх холбоо” бичил уурхай эрхлэгчдийн ТББ хамтран “Бичил уурхай эрхлэгчдийн нийгэм эдийн засгийн байдалд КОВИД-19 цар тахлын үзүүлж буй нөлөөллийн үнэлгээ” сэдэвт судалгааны төслийг хэрэгжүүлээд байна. Төслийг Олборлох салбарын дэлхийн хөтөлбөр (EGPS) Дэлхийн банкны Итгэлцлийн сангаас санхүүжүүлсэн юм (https://www.worldbank.org/en/programs/egps).

Тус судалгааг 2008 оны зургаадугаар сард Төв аймгийн Заамар суманд бичил уурхай эрхлэгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор байгуулагдсан “Энхмөнх эргэх холбоо”-ны гишүүдийн дунд явуулсан байна. Тус холбооны 129 гишүүний 89 нь эмэгтэй учир тэдгээрийн амьжиргаа, орлого, ахуй амьдралд COVID-19 цар тахал хэрхэн нөлөөлж буйг судалж тогтоох нь энэхүү судалгааны төслийн зорилго байсан юм.

Судалгааны ажлыг 2021 оны хоёрдугаар сараас дөрөвдүгээр сарын хооронд хийж, нийт 85 эмэгтэй бичил уурхай эрхлэгчдийг хамруулсан. Ингэхдээ судалгаанд оролцогчдыг цахим судалгаа, ганцаарчилсан ярилцлага, бүлгийн уулзалтад хамруулан, судалгааны үе шатуудыг цахим хэлбэрээр зохион байгуулсан байна.

Судалгааны үр дүнг тоймловол, Төв аймгийн Заамар сумын бичил уурхай эрхэлдэг эмэгтэйчүүдийн хувьд COVID-19 цар тахал нийгэм, эдийн засгийн байдалд нь сөргөөр нөлөөлж, үр дагавар их байгаа гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Эдгээр судалгааны нөлөөлөл, харьцуулсан дүгнэлт болон авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй үзүүлбэл:

 
 
 

Бичил уурхай эрхэлдэг эмэгтэйчүүдэд COVID-19 цар тахлын үед шаардлагатай тусламж:

 

Судалгааны тайланг бүрэн эхээр нь энэхүү холбоосоор орж үзэх боломжтой.



“Энхмөнх Эргэх Холбоо” ТББ-ын Тэргүүн Д. Баярмаа:

Oгноо: 2021 оны 05-р сарын 23-ны өдөр

 

-“Энхмөнх эргэх холбоо (ЭМЭХ) ТББ саяхан Канадын Бритиш Колумбын их сургууль, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн хамтарсан судалгаанд оролцсон. Энэ судалгаанд ямар байдлаар оролцсон бэ 

-Энэ судалгаа Ковид-19 цар тахал бичил уурхай эрхлэгч эмэгтэйчүүдийн амьдралд, тэдний нийгэм эдийн засгийн байдалд ямар нөлөө үзүүлж байна, тэдэнд ямар саад бэрхшээл тулгарч байна гэдгийг тодорхойлох судалгаа байсан. Энэхүү судалгаанд манай байгууллагын гишүүд, Заамар сумын бусад бичил уурхай эрхлэгчид сайн дурын үндсэн дээр оролцсон. Манай гишүүд болон бичил уурхайн нөхөрлөлүүд энэ судалгаанд маш идэвхтэй оролцсон.

агаад энэ судалгаанд оролцох болсон бэ? ЭМЭХ-ийн гишүүдэд ямар ач холбогдолтой юм бэ? Мөн “Энхмөнх эргэх холбоо”-ны талаар?

-ЭМЭХ нь Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага. 2008 онд байгуулагдсан, 120 гаруй гишүүнтэй, манай гишүүдийн дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг. Манай суманд бичил уурхай эрхлэгч эмэгтэйчүүдийн эрх ашиг маш их зөрчигдөж байдаг. Тиймээс ЭМЭХ нь бичил уурхай эрхлэгч иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэднийг ажлын байр, газартай болгохын зэрэгцээ бичил уурхайчдын дуу хоолой болж гишүүддээ үйлчлэх зорилготой юм. ЭМЭХ-ны гишүүд нь Заамар суманд амьдардаг, алт олборлож, амьжиргаагаа залгуулдаг иргэд.

Хамгийн гол нь энэ цар тахлын үед бид ажиллах боломжгүй, орлогогүй болсон, тун хэцүү нөхцөл байдалд байсан. Тийм ч учраас энэ судалгаанд оролцохыг дуртайяа зөвшөөрсөн.  

Мэргэжлийн судалгааны байгууллага бидний талаар судалгаа хийж, нийгэм эдийн засгийн нөлөөллийг тогтоох нь бидний хувьд маш чухал байсан. Үүнээс гадна бид өөрсдийн дуу хоолойгоо хүргэх боломж суваг байхгүй учир энэ судалгаанд оролцсон нь бидэнд маш том боломж байсан. Энэ судалгаа нь бидний бодит байдлыг үнэн зөвөөр төр засаг болон бусад байгууллагуудад хүргэж байгаа нь бидний хувьд ажлын байраа авч үлдэх чухал ач холбогдолтой. Биднээс гадна, өөр мэргэжлийн байгууллагын судалгаа гэдгээрээ бидэнд их чухал, үр дүн нь бодит гарсан. Тэгээд судалгааны дүнг олон нийтэд танилцуулж байгаа нь бидэнд ихээхэн ач холбогдолтой.

-Судалгааны үр дүн юу байв? Үр дүнтэй танилцсанаар цаашид ЭМЭХ-ийн гишүүд юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Судалгааны үр дүн маш бодитой үнэн зөв гарч, зөвхөн ЭМЭХ-ны гишүүд төдийгүй Заамар сумын алт олборлогч бусад нөхөрлөлийн гишүүд дуу хоолойгоо төр болон иргэний нийгмийн байгууллагуудад хүргэж чадсан, үр өгөөжтэй судалгаа болж чадлаа. Бид ажиллах боломжгүйгээс орлогогүй, эдийн засгийн маш хүнд байдалд байна. Үүнээс гадна эрүүл мэнд, ялгаварлан гадуурхалт гэх зэрэг бидэнд өдөр тутам тулгардаг асуудлууд энэ судалгаанд тодорхой дурдагдсан байгаа.

ЭМЭХ-ны гишүүд цаашид ажлын байраа авч үлдэх, гурвалсан гэрээ байгуулж ажиллах зэрэг олон ажил хийхээр төлөвлөж байна. Судалгааны үр дүнг танилцуулах цахим хуралд Төв аймгийн Заамар сумын Засаг дарга оролцсон нь бидэнд цаашид хамтран ажиллахад том хөшүүрэг боллоо гэж бодож байна.

-“Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо (МБУНДХ)-ны тухай танилцуулахгүй юу?  

-Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо нь бичил уурхай эрхлэгч иргэдийн эрх ашгийг хамгаалах үндэсний хэмжээний төрийн бус байгууллага юм. Нийт бичил уурхайчдын төлөө ажиллах зорилготой. Гишүүд нь аймаг, сумдын бичил уурхай эрхлэгчид. Урьд нь бид Швейцарийн хөгжлийн агентлаг, Азийн сантай хамтран ажиллаж байхад бусад байгуулагууд биднийг нааштайгаар хүлээн авч, ханддаг байсан. Гэвч энэ хоёр байгууллагатай хамтран хэрэгжүүлж байсан төсөл дуусгавар болж, бид бие даан үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш бүх гишүүддээ хүрч ажиллах боломж, нийт бичил уурхайчдынхаа дуу хоолой байх чадамж маань хязгаарлагдмал болж эхэллээ.

 

Эх сурвалж: “Бичил уурхай эрхлэгчдийн нийгэм эдийн засгийн байдалд КОВИД-19 цар тахлын үзүүлж буй нөлөөллийн үнэлгээ” сэдэвт судалгааны тайлан

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.