Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Вакцины эхний тунг хийлгээд 21 буюу түүнээс дээш хоносон 248 мянган иргэн хоёр дахь тунг хийлгээгүй байна"

Г.Номин, iKon.mn
2021 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма вакцинжуулалтын ажлын явцын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Дархлаажуулалтын хоёрдугаар тунг хийх ажил хийгдэж байгаа ч хэд хэдэн анхаарах зүйл байна. Орон нутагт зорилтот бүлгийн иргэдийн 67.2, нийслэлд 85.3 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдсан байгаа. Улсын дүнгээр хоёр дахь тунгийн хамрагдалт 75.5 хувьтай явж байгаа боловч орон нутагт вакцины эхний тунгаа хийлгээд 21 буюу түүнээс дээш хоносон 131 мянган иргэн байна. Энэ иргэд вакциндаа идэвхтэй хамрагдаж, бүрэн тунгаа авах шаардлагатай. Түүнчлэн Улаанбаатарт товлосон хугацаанд давтан тунгаа хийлгээгүй 117 мянган иргэн байгаа. 

Вакцины бүрэн тунд хамрагдсанаар халдвараас хамгаалагдах учир товлолт хугацаандаа багтан өөрт ойр байрлах дархлаажуулалтын цэгт очин вакцинаа хийлгэхийг уриалж байна. 

Манай улсын хувьд товлолын дархлаажуулалтыг хийж ирсэн арвин туршлагатай бөгөөд хамрагдалт 95-аас дээш хувьтай байдаг. Ингэснээр олон халдварт өвчнөөс сэргийлж, өвчлөлийг бууруулж байна. Вакцин халдварт өвчний тархалтад хэрхэн нөлөөлж байгаа талаар жишээг танилцуулъя. 

Вакцины хамрагдалт нэмэгдэхийн хэрээр халдвар буурсан болохыг графикаас харж болно. 2014 онд улаанбурхан өвчний эсрэг вакцины талаар буруу ташаа мэдээлэл гарч, хамрагдалт 2-3 хувиар буурахад л дэгдэлт гарсан. 

Олныг хамарсан цар тахлын үед зорилтот бүлгийнхээ 95 буюу түүнээс дээш хувийг дархлаажуулж байж нийт хүн амаа дам аргаар халдвараас сэргийлдэг. Хүн амын 40 хувиа хамгаалахын тулд зорилтот бүлгийнхэн товлолт хугацаандаа вакциндаа хамрагдах шаардлагатай байна" гэдгийг хэллээ. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/486539182684146