Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Кубын бэйсболын шигшээ багаас оргосон дөрөв дэхь гишүүн АНУ-д үлджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Токио 2020 зуны олимпын наадамд оролцох эрхийн төлөө өрсөлдөхөөр АНУ-д очсон Куба улсын бэйсболын шигшээ багийн дөрөв дэхь гишүүн оргосон тухай Даваа гарагт тус улсын албаныхан мэдээлжээ.

22 настай тоглогч Энди Родригуэз гэрээгээр тоглодог Японы Фукуока Софтбанк Хокс клуб руу бyцахаар тэмцээний дараа явсан ч АНУ-д үлдсэнийг нь сүүлд мэдсэн байна.

Түүнээс өмнө Кубын шигшээгийн хоёр гол тоглогч болон багийн сэтгэлзүйч нар оргож үлдсэн юм.

Кубын топ тоглогчдын нэг Сезар Прието тавдугаар сарын 26-нд тэмцээнд оролцохоор Майамид ирмэгцээ оргож байжээ. Өнгөрсөн Пүрэв гарагт багийн сэтгэлзүйч Хорге Силе Фигуэрао байрнаасаа оргосон бол маргааш нь өөр нэг гол тоглогч Лазаро Бланко багаасаа гарч, АНУ-д үлдэх болсноо зарласан юм.

Тэрбээр Майамигийн Telemundo 51 сувагт ярихдаа “Би зөв шийдвэр гаргасандаа баяртай байна. Одоо амьдралаа шинээр эхэлнэ” гэжээ.   

Энэ удаагийн тэмцээнд Кубын баг Венесуэль, Канадын багуудад хожигдож, түүхэндээ анх удаа олимпын эрх авч чадаагүй байна.

Бэйсбол нь Куба улсад үндэсний спортод тооцогддог ба шигшээ баг нь олимпын наадамд гурван удаа, дэлхийн цомд 25 удаа аваргалж байжээ. Харин ирэх сард Японы нийслэл Токио хотод эхлэх зуны олимпын наадамд оролцох эрх авч чадаагүй нь гэнэтийн цочир үйл явдал болсон юм.

 

Эх сурвалж: AFP