Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдөр 25,000 гаруй сонгогч Ерөнхийлөгчийн сонгуульд зөөврийн хайрцгаар саналаа өгнө"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш буюу зургаадугаар сарын 9-нд болно. Харин өнөөдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагааг орон даяар 09:00-20:00 цагийн хооронд зохион байгуулна. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар дараах иргэд зөөврийн хайрцгаар санал өгөх эрхтэй. 

  • Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч;
  • Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч;
  • Зөрчлийн улмаас баривчлагдсан сонгогч;
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч;
  • Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэргийн анги, салбарт алба хааж байгаа энэ хуулийн 19.6.4, 19.6.5, 19.6.6-д заасны дагуу мэдээллийг нь хүргүүлсэн сонгогч хамаарна. 

Ингэхдээ сонгогчийн хүсэлт, эмнэлгийн магадалгаа, эсвэл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн санал авна хэмээн хуульд заажээ. 

​Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооноос тодруулахад "Хуульд заасны дагуу сонгуулиар зөөврийн хайрцгаар саналаа өгөх 18,000 орчим иргэн бий. Мөн тусгаарлан ажиглах байр, гэрийн тусгаарлалт болон халдвар аваад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 7,000 орчим сонгогч зөөврийн хайрцгаар саналаа өгнө.
 
Нийт 25,000 гаруй сонгогч зөөврийн хайрцгаар энэ удаагийн сонгуульд саналаа өгөх юм. 2,087 хэсгийн хороо ажиллаж байна. Засгийн газрын 152 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журам”-ын хүрээнд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллана.
 
Тухайлбал, уг журамд санал авах ажиллагаанд оролцож байгаа хүмүүс хооронд 1.5 метрийн зай барих, хэсгийн хорооны ажилтан гар халдваргүйжүүлэгчийг хариуцан авч явах бөгөөд санал авахын өмнө болон дараа оролцогчдын гарыг халдваргүйжүүлнэ гэж тусгасан" гэлээ. 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.