Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Эль Сальвадор улс биткоиныг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгосон дэлхийн анхны улс болно

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Эль Сальвадорын ерөнхийлөгч Наийб Букеле

Өнгөрсөн Бямба гарагт АНУ-ын Майами хотод болсон “Bitcoin 2021” чуулганы үеэр Латин Америкийн Эль Сальвадор улсын ерөнхийлөгч биткоиныг тус улсад хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгох гэж байгааг зарлажээ.

Хэдийгээр Эль Сальвадор нь 6.5 сая хүн амтай жижиг улс боловч уг шийдвэр нь дэлхийн улс орнуудын дунд цоо шинэ жишиг болж, мөнгөний бодлогын түүхэнд бичигдэх боломжтой юм.

Тус улсын ерөнхийлөгч Наийб Букеле твиттер хуудсандаа “Биткоины зах зээлийн хэмжээ $680 тэрбум. Үүний 1 хувийг Эль Сальвадорт татаж чадвал үндэсний нийт бүтээгдэхүүнийг нь 25 хувиар өсгөх юм. Үүнээс гадна Биткоин нь жил бүр $6 тэрбумыг эх орондоо илгээдэг 10 сая шинэ хэрэглэгчтэй болно” гэж бичжээ.

Үнэхээр Эль Сальвадор улсаас гадаадад цагаачилж ажил эрхэлдэг иргэд жил бүр $6 тэрбумыг эх орондоо илгээдэг байна. Бас АНУ-д сальвадор гаралтай 2.2 сая орчим хүн амьдардаг.

Өнөөдөр сальвадорчууд ар гэртээ мөнгө шилжүүлэхдээ дундын зуучлагчаар дамжуулсныхаа төлөө 20 хүртэл хувийг шимтгэлд төлдөг гэнэ.

Үүнээс гадна Эль Сальвадорын иргэдийн 70 орчим хувь нь банкны дансгүйг Букеле мэдээлжээ. Букелегийн Nuevas Ideas нам тус улсын парламентын 84 суудлын 56-г нь эзэлдэг.

Тиймээс биткоиныг албан ёсны төлбөрийн хэрэгсэл болгох хуулийг хялбар батлуулах боломжтой гэнэ. Эль Сальвадор улс урт хугацааны хямралын дараа 2001 оноос эхлэн үндэсний валютаа АНУ-ын доллараар сольж байжээ.

Эдийн засаг нь АНУ-тай нягт холбоотой олон улс үндэсний валютаа америк доллар болгосон байдаг. Биткоиныг албан ёсны төлбөрийн хэрэгсэл болгох бэлтгэл ажил сүүлийн хоёр жилийн турш үргэлжилж байгаа гэнэ. Криптовалютаар түргэн шуурхай гүйлгээ хийх технологийг хөгжүүлдэг Америк бизнесмэн Жак Мэллерс тус улсын эрх баригчидтай хамтран ажиллаж байгаа ажээ.

Тэрбээр энэ чиглэлд Lightning Network нэртэй технологийг хөгжүүлэхэд оролцож байсан хүн юм.

Эль Сальвадор нь газар нутгийн хэмжээгээр Умард Америкийн бүс нутагт хамгийн жижиг нь. Гэхдээ биткоиныг хуульчилж чадвал дэлхийн мөнгө санхүүгийн томоохон төвүүдийн нэг болно гэж Букеле үзэж байна.

 

Эх сурвалж: Forbes