Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Шатахуун түгээлтийн компаниас хакеруудад төлсөн барьцааны мөнгөний ихэнх хэсгийг АНУ буцааж авчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сард нэгэн хакерын бүлэг АНУ-ын шатахуун түгээлтийн Colonial Pipeline компанийн компьютерийн системийг барьцаалж, их хэмжээний мөнгө нэхэж байв.

Үүний улмаас АНУ-ын зүүн эргийн бүс нутагт шатахууны хомсдол үүсч, үнэ ханш нь огцом өссөн юм.

Хэд хоногийн дараа Colonial Pipeline компани $5 сая орчмыг хакеруудад төлж, шатахуун түгээх дэд бүтцийн удирдлагаа чөлөөлж авч байв.

Тэгвэл энэхүү мөнгөний ихэнх хэсгийг хакеруудын данснаас биктоин хэлбэрээр буцааж авч чадсанаа АНУ-ын хууль зүйн яам өчигдөр зарлажээ.

Тодруулбал хакеруудын онлайн дансанд шилжүүлсэн 63.7 ширхэг биткоиныг мөрдөгчид хурааж чадсан гэнэ. Өчигдрийн байдлаар биткоины ханш $36,000 орчим байсан гэж үзвэл энэ нь $2.3 сая болох юм. Гэхдээ биткоины ханш оргил үеийнхээ $63,000 орчмоос нэлээд буурсан үед тооцоход ийм болж байна.

“Өнөөдөр бид DarkSide-д алдсан мөнгөнийхөө ихэнх хэсгийг буцааж олж чадлаа” гэж АНУ-ын ерөнхий прокурорын орлогч Лиза Монако хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

DarkSide нь Colonial Pipeline-ий системийг барьцаалсан гэгдэж байгаа хакерын бүлгийн нэр юм. Уг бүлгийг ОХУ-д байдаг гэсэн мэдээлэл бий.

Ирэх долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй Швейцарын Женев хотод анх удаа уулзах гэж байгаа. Энэ үеэр Байден “ransomware” гэж нэрлэдэг дээрх төрлийн кибер халдлагын гэмт хэргийн талаар хэлэлцэх төлөвлөгөөтэй байгааг Ням гарагт Цагаан ордноос мэдээлжээ.

 

Эх сурвалж: Reuters