Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүртээмжтэй санхүү" сэтгүүлийн шинэ дугаар гарлаа

ikon.mn
2021 оны 6 сарын 7
iKon.MN
 

Санхүүгийн зохицуулах хорооноос сар бүр эрхлэн гаргадаг “Хүртээмжтэй санхүү” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа.

Энэ удаагийн дугаарын онцлох зарим мэдээллээс танилцуулж байна. Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 64 дүгээр тогтоолоор Даатгалын багц дүрмийн 2 дугаар хавсралт “Даатгагчийн төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлт, түүнд хяналт тавих журам”, 4 дүгээр хавсралт “Даатгалын нөөц санд болон албан журмын даатгалын санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ, түүнийг хөрөнгө оруулалтад байршуулахад тавигдах нөхцөл, шаардлага”-уудад оруулсан нэмэлт өөрчлөлт одоо мөрдөгдөж байна. Үүнтэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Батболдтой хийсэн ярилцлагыг сонирхон уншаарай. Тодруулбал, Хөрөнгийн зах зээл дэх даатгалын салбарын оролцоо, өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа, бодлогын баримт бичгүүдийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын салбараар дамжуулан хөрөнгийн зах зээлийг дэмжих чиглэлээр хийгдэж буй ажлуудын талаарх мэдээллийг эндээс авах болно.

“Финтек ба регтек” булангаас сэтгэл зүйд  тулгуурласан зээлийн эрсдэлийн үнэлгээний талаар мөн Монгол Улсын санхүүгийн хүртээмжийг үнэлэх түүвэр судалгааны талаар “Судлаачийн индэр” булангаас уншихыг зөвлөж байна. Сонирхуулахад, санхүүгийн хүртээмжийн үндсэн үзүүлэлтээр манай улс ижил төстэй орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр. Тухайлбал, банканд данстай иргэдийн эзлэх хувь өндөр хөгжилтэй орнуудын түвшинд байна. Иргэдийн 94.5 хувь нь ямар нэг байдлаар албан ёсны санхүүгийн үйлчилгээнд хамрагддаг мөн  92.1 хувь нь дансаа идэвхтэй ашигладаг бөгөөд 91.9 хувь нь банк, 9.3 хувь нь ББСБ, 3.4 хувь нь ХЗХ-гоор үйлчлүүлдэг байна. Харин судалгаанд оролцогсдын 5.2 хувь нь санхүүгийн секторын гадна буюу үйлчилгээ хүртэж чадахгүй байгаа аж.  

Эдийн засагч, санхүүчид, санхүүгийн зах зээлд оролцогчид, энэ салбарыг сонирхогч, олон нийт тогтмол сонирхдог олон улсын зах зээлийн мэдээ болон олон улсын хөрөнгийн зах зээлийн индекс зэрэг тоон мэдээлэл ч шинэчлэгдэн гарлаа. Иймд “Хүртээмжтэй санхүү” сэтгүүлийн шинэ дугаартай ЭНД дарж танилцаад,  хэрэгтэй мэдээллээ авахыг зөвлөж байна.