Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар, хоёр Монгол Улсын Гавьяат багш цолтон төрлөө

ikon.mn
2021 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны зургадугаар сарын 4-ний өдөр зарлиг гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат цол, төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.  Монгол Улсад стратегийн өндөр ач холбогдол бүхий эдийн засгийн асар их өгөөжтэй Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг амжилттай удирдан зохион байгуулсан хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлж, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалд Хөдөлмөрийн баатар цол олгосон бол Монгол Улсын  Гавьяат багш цолыг  Монголын залуу багш нарын холбооны зөвлөх багш Дүгэржавын Цэдэнпил, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ахмад багш Жаргалын Тангад нарт олголоо. Д.Цэдэнпил нь 1945 онд Говь-Алтай аймгийн Дарви суманд төрсөн бөгөөд  1969 онд Монгол Улсын Их сургуулийг  математикийн багш мэргэжлээр төгссөнөөс хойш Говь-Алтай аймгийн Жаргалан сумын дунд сургууль, Дархан-Уул аймгийн БСГ, “Нээлттэй” ахлах сургуульд  математикийн багш, хичээлийн  эрхлэгч, арга зүйчээр тасралтгүй 39 жил ажилласан ахмад багш юм. Боловсролын салбарт 50 гаруй жил ажилласан түүний ажлын амжилт бүтээлийг үнэлж, ийнхүү Монгол Улсын Гавьяат багш  цол хүртээжээ. Мөн Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан цолоор  “Улаанбаатар БҮК” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Нямхүү, “Мах импекс” ХХК-ийн ахмад ажилтан Ж.Сүхболд нарыг  шагнасан байна.