Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ вакцин тариулах зорилготой аялал жуулчлалын хөтөлбөрийг ойрын үед эхлүүлнэ гэв

Т.Давааням, ikon.mn
2021 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ОХУ-д бүтээсэн Спутник V вакциныг тариулах хүсэлтэй гадаадын иргэдэд зориулсан “вакцины туризм” хэмээх хөтөлбөрийг ойрын нэгээс хоёр сарын дотор эхлүүлэх төлөвлөгөөтэй байгааг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр Санкт Петербург хотод эхэлсэн олон улсын эдийн засгийн чуулганы үеэр сэтгүүлчдэд мэдээлжээ.

Түүний хэлж байгаагаар коронавирусийн эсрэг дархлааг өндөр түвшинд тогтоодог Спутник V вакцины эрэлт хэрэгцээ гадаад зах зээлд өндөр байгаа гэнэ.

Өчигдөр бас Санкт Петербургийн Олон Улсын Эдийн Засгийн Чуулганыг нээж үг хэлэхдээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өөрийн улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэдийг вакцинжуулалтад хамруулах бүх боломж нөхцлийг хангахаа амлаж байв.

Тэрбээр Спутник V вакцинд зөвшөөрөл олгох үйл явц Европын Холбоонд удаашралтай байгаа нь эрх баригчдын “мөнгөний төлөө тэмцэл”-тэй холбоотой гэж шүүмжилсэн байна.

Өөрөөр хэлбэл өрнөдийн компаниудын бүтээсэн вакциныг түлхүү борлуулах ашиг сонирхол үүний цаана нуугдаж байна гэж Путин тайлбарласан юм. ОХУ өөрийн вакциныг бүртгүүлэх хүсэлтээ энэ оны гуравдугаар сард Европын эрүүл мэндийн зохицуулах байгууллагад гаргасан юм байна.

ОХУ-ын эрдэмтдийн бүтээсэн вакциныг одоогоор дэлхийн 65 улс хүн амынхаа дархлаажуулалтад ашиглаж байгаа ч АНУ, Европын Холбооны эрх баригчид зөвшөөрөл олгоогүй байгаа.

Спутник V вакциныг шуурхай горимд хэрэглэх зөвшөөрлийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага 

ирэх хоёр сарын хугацаанд олгох төлөвтэй байгааг уг төслийг санхүүжүүлэгч Оросын Шууд Хөрөнгө Оруулалтын сан өчигдөр мэдээлжээ.

 

Эх сурвалж: ТАСС