Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Амарзаяа: УИХ болон Засгийн газрын гишүүд сонгуулийн сурталчилгаанд оролцож байгаа зардлаа тайлбарлах шаардлагатай

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шударга сонгуулийн төлөө Иргэний нийгмийн хяналт сүлжээнээс 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцын хяналт, мониторингийн дүнг танилцуулж, мэдээлэл хийлээ. 

Бодлогод залуусын хяналт ТББ-ын УЗ-ийн гишүүн Т.Амарзаяа "Бодлогод залуусын хяналт ТББ нь Шударга сонгуулийн төлөө Иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн. Иргэний нийгмийн ажиглалтын хувьд гадаадад санал авах үйл явцыг ажигласан.

Ажиглалт хийх явцад ноцтой зөрчил гараагүй. Гадаад улсад байгаа иргэд, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх мэдээллийг Элчин сайдын яамдын сайтад байршуулсан ч ойлгомжгүй байжээ. Япон улсын сонгуулийн салбар комисст дөрөвдүгээр сарын 29-нд мэдээллээ явуулсан 4-5 иргэн саналаа өгч чадаагүй. Санал хураалт явуулж байгаа Элчин сайдын хашааны гадаа сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийн сайн дурын төлөөлөл, хэнд саналаа өгч байгааг асууж, зориулалтын бус үзгээр санал бөглөхийг оролдсон зөрчил гарсан.

Бодлогод залуусын хяналт ТББ-ын зүгээс СЕХ-ны санал авах өдрийн ажиглалтын мэдээллийг хүргүүлэх болно. Нийт 104 ажиглагч ажиллаж байна.

Чингэлтэй дүүргийн зарим хэсгийн хороодын зүгээс ажиглагчийг PCR шинжилгээ өгч байж ажиглалт хийх боломжтой гэсэн асуудал үүсгэсэн. Үүнийг СЕХ-нд хандаж шийдвэрлүүлсэн.

УИХ-ын гишүүд болон Засгийн газрын сайд нар сонгуулийн сурталчилгаанд оролцож байгаа зардлаа тайлбарлах шаардлагатай. Төрийн өмч хөрөнгийг сонгуулийн сурталчилгаанд аливаа байдлаар ашиглахгүй гэж хуульд заасан байдаг. Гэхдээ улс төрийн албан хаагчид тойрогтоо ажиллахдаа сонгуулийн сурталчилгаанд оролцож байгаа нь ажиглагдаж байна. Тухайн албан хаагчид сонгуулийн сурталчилгаанд оролцох нь хориотой биш ч ямар зардлаар гэдгээ тодорхой болгох хэрэгтэй" гэлээ. 

Зарим газар нэг хүн амьдардаг ч 10 хүн бүртгэлтэй байна

"Санал тоолох төхөөрөмжийн хувьд бүх хэсэгт хяналтын тооллого хийхээр болсон. Намууд болон төрийн бус байгууллагын ажиглагчид зориулсан чөлөөтэй тест хийх боломжийг бүх аймаг, дүүргүүдэд хүргэсэн. Маргааш орон даяар урьдчилсан тест хийгдэнэ. Тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгаж, бэлтгэсэн тест хийнэ.

Дэлгэцэд харуулах программын тестийг маргааш хийхээр СЕХ төлөвлөсөн. Гадаадад байгаа иргэдийн 76 хувь нь саналаа өгсөн гэдэг нь тоон дээр тоглож байна. 122 мянган сонгогчоос 5,608 хүн санал өгсөн. Сонгогчийн ирцээр 4.6 хувь нь сонгуульд оролцсон нь чамлалттай байна. Ингэж явбал 76 хувь гэсэн нэртэйгээр таван хувь хүрэхгүй хүнээс санал авсаар байх болно. Ирц ийм бага байх нь цаашид асуудалтай. Үүнд СЕХ арга хэмжээ авах болов уу гэж бодож байна. 

Сонгууль дуусахаас хоёроос доошгүй хоногийн өмнө сонгогчдын нэрсийн жагсаалтыг өгөхөөр болсон. Олон арван хүний хаягийг хоёр, гурав хоногт тулгаж амжих уу гэдэг асуудал үүсэж байна. Энэ тал дээр цаашид анхаарах хэрэгтэй. Санал авч байгаа хүмүүсийн саналын нууцлалыг хадгалахаар камераа байрлуулсан байх ёстой. 

Өнгөрсөн жилийн бэхэн тэмдэглэгээг мөн энэ жил хийхээр болсон. Сонгогчдын нэрийн жагсаалтын бичиг баримтыг нууцын зэрэглэлтэй гээд үзүүлэхгүй байгаа. Нэг хаягт олон хүн бүртгэлтэй байна уу, сэжигтэй хаяг байна уу гэдгийг нэг бүрчлэн бичиж шалгаж байгаа. БЗД-ийн 26 дугаар хороон дээр хэд хэдэн хэсэгт ижилхэн дугаартай байр байгаа нь мэдээллийг шүүхэд тодорхой хэмжээний бэрхшээл учруулж байна. 

Зарим газар нэг хүн амьдардаг ч 10 хүн бүртгэлтэй байна. Дөрвөн хүн нь тухайн хаягт бүртгэлтэй ч зургаан хүнийг нэмж бүртгэсэн байгаа юм" гэсэн мэдээллийг Шударга сонгуулийн төлөө Иргэний нийгмийн хяналт сүлжээнээс өглөө.