Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Онгоцноос баривчлагдсан сэтгүүлч Беларусийн төв телевизээр нулимс дуслуулан буруугаа хүлээв

Т.Давааням, ikon.mn
2021 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Саяхан Грекээс Литва улсын чиглэлд нисэж яваад баривчлагдсан сэтгүүлч Роман Протасевич өчигдөр Беларусийн төв телевизийн сувгаар буруугаа хүлээжээ.

Тэрбээр ярилцлагадаа засгийн газрын эсрэг жагсаал зохион байгуулснаа хүлээн зөвшөөрч, ерөнхийлөгч Александр Лукашенког магтсан байна.

Протасевичийн ар гэрийнхэн түүнийг албадлага шахалтаар ийм ярилцлага өгсөн гэж үзэж байгаа гэнэ.

26 настай сэтгүүлч өнгөрсөн оны сүүлч хүртэл Беларусийн сөрөг хүчний Nexta мэдээллийн сувгийг ажиллуулж, Лукашенкогийн дэглэмийг хүчтэй шүүмжилдэг байсан юм.

Сүүлд түүнийг Беларусийн эрх баригчид “террорист үйл ажиллагаанд оролцсон хүмүүс”-ийн жагсаалтад оруулж байжээ.

Өчигдөр Протасевич өөрийн хүслээр ярьж байгаагаа хэлээд Александр Лукашенког төрийн эрхнээс зайлуулах зорилготой байснаа хүлээсэн байна.

Харин одоо Лукашенког зөв зүйл хийж байгааг ойлгож, хүндэлдэг болсноо хэлжээ.

Төгсгөлд нь тэр ирээдүйд гэрлэж, хүүхэдтэй болох мөрөөдлөө ярихдаа нүднээсээ нулимс дуслуулсан байна.

“Би хүүгээ сайн мэднэ. Тэр ийм зүйл ярих хүн биш. Тэд хүчээр ийм зүйл хийлгэсэн гэж би бодож байна” гэж Протасевичийн аав сүүлд AFP агентлагийн сэтгүүлчид ярьжээ.

Протасевичийг найз бүсгүй Сапегагийн хамт Грекийн Афин хотоос Литвийн Вильнюс хот руу Ирландын RyanAir компанийн онгоцоор нисэж явах замд Беларусийн тал баривчилж байв.

Ингэхдээ онгоцонд тэсрэх бөмбөг байж болзошгүй гэсэн хуурамч шалтгаанаар Минск хотод ослын буулт хийлгэсэн юм. Хэрвээ Протасевичийн буруутайг тогтоовол тэр 15 жил хүртэл хугацаагаар шоронд хоригдоно.

RyanAir компанийн онгоцыг хуурамч шалтгаанаар албадан буулгасан явдал олон улсын хэмжээнд томоохон маргаан үүсгэж, АНУ, Европын Холбооны зүгээс Беларусийн эрх баригчидыг хориг арга хэмжээгээр шийтгээд байгаа билээ.

 

Эх сурвалж: BBC