Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгт болсон хуримын үеэр сүйт бүсгүй нас барсан тул дүүтэй нь гэрлэжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Энэтхэг улсын умард бүсийн Уттар Прадеш мужид болсон нэгэн хуримын үеэр сүйт бүсгүйн бие гэнэт муудаж, нас барсан байна.

Гэтэл ураг барилдаж буй гэр бүлүүд хоорондоо зөвлөлдөөд сүйт бүсгүйн оронд дүү охиныг нь гэрлүүлэхээр болж, хуримыг үргэлжлүүлжээ.

Энэхүү хачин үйл явдал Энэтхэгийн сошиал ертөнцөд томоохон дуулиан дэгдээж, эмэгтэйчүүдийн эрх, хүйсийн тэгш байдлын төлөө тэмцэгчдийн анхаарлыг татаад байна.

Сүйт бүсгүй Сурабийн бие хөрч амжаагүй байхад түүний дүү охин Ниша сүйт хархүү Кумартай гэрлэжээ.

“Энэтхэгт хэн хэнтэй гэр бүл болохыг эцэг эх нь шийддэг, хос хоёрын зөвшилцөл, хайр сэтгэл үүнд бараг нөлөөлдөггүй хэвээр байгааг энэ явдал харууллаа” гэж Делигийн Их сургуулийн социологийн ухааны профессор Камей Апун ярьж байна.

Өөр нэг социологич, доктор Ранжана Кумари “Энэтхэгт хосуудын 95 хувь нь эцэг эхийн шийдвэрээр гэрлэдэг” гээд “уламжлал” нэрийн дор ийм харгис бүдүүлэг явдал гарсаар байгаад харамсаж байгаагаа илэрхийлжээ.

Кумарийн хэлж байгаагаар ийм үзэгдэл зөвхөн доод кастынхны дунд биш, дээд түвшинд ч түгээмэл байдаг гэнэ.

Тухайлбал нэг дипломатч, нэг улс төрч хоёр хоёул эхнэрийнхээ дүү бүсгүйтэй гэрлэсэн тохиолдлыг тэр жишээ болгон ярьж байна.

Ингэхдээ эхнэрээ заавал нас барсны дараа биш, жишээ нь хүүхэд төрүүлэх боломжгүй болсон тохиолдолд дүүтэй нь гэрлэх явдал байдаг ажээ.

Бас хөрөнгийг нь өвлөж үлдэхийн тулд буюу эдийн засгийн ашиг сонирхлоор дүүтэй нь гэрлэх явдал Энэтхэгийн өмнөд мужуудад түгээмэл байдгийг Кумари ярьсан байна.

Дээрх тохиолдолд сүйт бүсгүйн гэр бүл хурим, хуримын сүйд нэгэнт их мөнгө зарцуулсан тул дахин өндөр зардал гаргахгүйн тулд дүүг нь гэрлүүлэхээр шийдсэн байх өндөр магадлалтай гэнэ.

Энэтхэгт тансаг хурим найр зохион байгуулах нь тухайн гэр бүлийн хувьд нэр төрийн хэрэг байдаг. Энэ нь ядуу амьдралтай айл өрхүүдэд маш хүнд тусдаг байна.

 

Эх сурвалж: Times of India