Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Баянзүрх дүүргийн 971 ээж “Эхийн алдар” одонгоо гардан авлаа

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Хэвлэлийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 971 ээжид “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одон гардуулж, баяр хүргэлээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ОДОН ГАРДУУЛСНЫХАА ДАРАА:

“Эрхэм хүндэт эхчүүд ээ,
Монголын сайхан ээж нар аа,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж, Монголын ирээдүйг эрүүл саруул, сэтгэл тэнүүн, хайр дүүрэн өсгөн бойжуулж байгаад тань халуун талархал илэрхийлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие 2021 оны Эх үрсийн баярыг тохиолдуулан зарлиг гаргаж, аймаг, нийслэлийн хэмжээнд 10,843 ээжид “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одон гардуулж байна.

Өнөөдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 971 элбэрэлт ээжийн “Эхийн алдар” одонг Монгол төрийн тэргүүний хувьд Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн Их танхимд өөрийн биеэр гардуулж байгаадаа туйлын баяртай байна. Та бүхэнд баяр хүргэж, аз жаргал хүсье.

Нийгмийн хамгийн үнэт баялаг болох хүүхдийг эрүүл саруул өсгөн бойжуулахад нь, монгол хүний ёс зүй, уламжлал, үнэт зүйлсийг хүүхдэд анхлан таниулан мэдүүлж, сурган хүмүүжүүлэхэд нь эхчүүдэд чадах бүхнээрээ, байгаа боломжоороо төр туслах ёстой юм. Монголын төр хүн амаа өсгөх, хүүхдийг хэвийн орчин нөхцөлд бойжуулахад нь эхчүүдэд туслах бодлогоо хэзээ ч орхигдуулж, дутааж болохгүй.

Хүүхдийг хамгаална гэдэг Монголын ирээдүйг хамгаалж байгаа хэрэг бөгөөд төрийн үндсэн үүрэг мөн.

Тийм учраас миний бие өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бидний хамгийн нандин эрдэнэ, хайр, бахархлын дээд болсон эх хүний ач гавьяаг “Эхийн алдар” одон гардуулж алдаршуулахын хамт хүүхэд хамгааллын асуудал хариуцсан төрийн байгууллагуудын удирдлагуудтай цуврал уулзалт хийж, 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлах тухай зарлиг гаргаж, хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгох, хэмжээг нь нэмэгдүүлэх, өрх бүрд нэг сая төгрөгийн тэтгэмж олгох зэрэг олон чухал ажлуудыг санаачилж, УИХ, Засгийн газрыг шахаж шаардаж ажиллаж ирсэн.

Цаашдаа ч монгол төрийн энэ бодлого тууштай үргэлжилж, эрчимжих ёстой гэж үзэж байна.

Монголын үзэсгэлэнт эхчүүд, ээж нар аа,

Өнөөдөр Алдарт эхийн одонгоо гардан авч байгаа, бидний хайр хүндэтгэлийн эзэн-ээжүүд Та бүхэндээ монгол төрийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн угаас дахин баяр хүргэж, халуун талархал илэрхийлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын гэр бүл бүхэн үр хүүхдийнхээ хамтаар өнөр өтгөн, аз жаргал, цог золбоо дүүрэн аж төрж, монгол эхчүүдийн алдар бадартугай” гэлээ.

Олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлж буй ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жил улсын хэмжээнд нийт 10,843 ээж “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одон хүртэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зургадугаар сарын 1-ний өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 358, зургадугаар сарын 2-ны өдөр нийслэлийн Баянгол дүүргийн 649 ээжид “Эхийн алдар” одон гардуулаад байна. “Эхийн алдар” одон гардуулах ёслолын үйл ажиллагааг коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх журмын дагуу зохион байгуулж байгаа юм.

ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг