Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Архаг суурь өвчтэй, 50-аас дээш насны иргэд халдвар авсан тохиолдолд гэртээ бус эмнэлэгт очих шаардлагатай"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цар тахлын эндэгдэлд ямар хүчин зүйл нөлөөлж байгаа тухай ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас 288 хүн энджээ.

Цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн дундаж нас нь 67 буюу 65-аас дээш насныхан байна. Харин хүйсийн хувьд 49.6 хувь нь эрэгтэй, 50.4 хувь эмэгтэй хүмүүс байна.

Монголд бүртгэгдсэн нас баралтыг олон улстай харьцуулахад бага байгаа юм. Тодруулбал, улсын хэмжээнд бүртгэгдсэн 61,396 тохиолдлоос 288 нас баралт бүртгэгдсэн нь 0.47 хувийг эзэлж буй.

Харин дэлхийд 172.4 сая халдвар бүртгэгдэж, 3.7 сая хүн нас баржээ. Энэ нь нийт өвчлөлийнхөө 2.1 хувийг эзэлж байна.

 

Коронавируст халдварын шалтгаант нас баралт хүүхдэд бүртгэгдээгүй бөгөөд 55-аас дээш насны хүмүүсийн уушгийг гэмтээж, нас баралтад хүргэж байгаа юм. Халдварын давлагаа гарснаас 2-3 долоо хоногийн дараа нас баралт бүртгэгддэг.

Цар тахлын халдварт архаг суурь өвчтэй хүмүүс өртсөн тохиолдолд хүндэрч нас барах эрсдэл хамгийн өндөр.

Тодруулбал, зүрх судасны өвчтэй хүнд коронавирусийн халдвараар өвчилбөл 51.7 хувь нь хүндэрч нас барах эрсдэлтэй. Мөн коронавирусийн халдвар чихрийн шижинтэй хавсарвал түргэн хугацаанд хүндэрч нас барах эрсдэл үүснэ.

Тиймээс архаг суурь өвчтэй, 50-аас дээш насны иргэд халдвар авсан тохиолдолд гэртээ үлдэх бус аль болох эмнэлэгт очих шаардлагатай.

Дээрх иргэдэд коронавирусийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд гэртээ өөрийгөө эмчлэх оролдлого хийх хэрэггүй. Эмчилгээг аль болох цаг хожимдуулахгүй байх нь хүндрэл нас баралтаас сэргийлэх хамгийн чухал үзүүлэлт.

Нас баралт ганцхан зүйлээс хамаарахгүй бөгөөд үүнийг вакцинтай ч холбож тайлбарлаж болохгүй бөгөөд тухайн хүний суурь өвчнөөс хамаарч байна.

Тухайлбал, манай улс коронавирусийн вакцинд бүрэн хамрагдсан хэдий ч хорт хавдрын төгсгөлийн шатандаа орсон хүн COVID-19-өөр өвчлөөд нас барсан тохиолдолд ч коронавирусийн шалтгаант нас баралтад бүртгэж байгаа.

Түүнээс гадна, зургаадугаар сарын 15-наас эхлэн халдварын тохиолдол буурах магадлалтай" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/191166414402268/videos/311626610464880