Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Цөөн уншигчаасаа ичсэн Дональд Трамп блогоо устгажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Энэ оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Капитолын ордон руу хүмүүсийг турхирч, үймээн самуун дэгдээсэн шалтгаанаар АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп гол сошиал платформуудыг ашиглах эрхгүй болсон билээ.

Трампын багийнхан тавдугаар сарын 5-ны өдөр Фэйсбүүк, Твиттер зэрэг платформуудтай өрсөлдөх зорилгоор блог хэлбэрийн вэбсайтаа нээсэн юм. Шадар хүмүүс нь уг сайтыг цаашдаа томоохон сошиал платформ болж өргөжих тухай гэж мэдэгдэж байв.

Сайт дээрээ Трамп “From the Desk of Donald J. Trump” нэртэй хуудас үүсгэж, өөрийн мэдэгдлүүдийг цацаж эхэлсэн байна.

Гэвч өчигдөр буюу Лхагва гарагт Трампын ахлах зөвлөх Жэйсон Миллер энэхүү сайтыг бүрмөсөн устгах болсныг мэдэгджээ.

Ингэхдээ тэр ямар шалтгаанаар устгах болсноо тайлбарлаагүй юм. Харин сүүлд Трампын ойрын эх сурвалжуудын мэдээлснээр шинэ сайт нь маш бага хандалттай байсан тул устгахад хүрсэн гэнэ.

Нээлтээ хийснээс хойш нэг долоо хоногийн хугацаанд Трампын хуудсанд ердөө 212,000 орчим хандалт бүртгэгдсэн байна. Трампыг ерөнхийлөгч байхад ганцхан жиргээг нь олон зуун мянган хүн “лайк” дарж, шэйрлэдэг байсантай харьцуулбал энэ нь маш бага хэмжээ юм.

Тиймээс цөөн хандалтаасаа ичсэн Трамп ихэд бухимдаж, блогоо устгах тушаал өгсөн тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Одоо Трампын блогт хандахад бүртгэлийн хуудас руу нь (www.donaldjtrump.com/alerts) үсэрдэг болсон байна.

 

Эх сурвалж: Business Insider