Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн том мах боловсруулах үйлдвэр хакеруудад барьцаалагдсаны дараа Цагаан ордон ОХУ-ын талтай холбогджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн жилүүдэд бизнесийн байгууллагуудын компьютерийн системийг барьцаалж, мөнгө нэхдэг “ransomware” төрлийн кибер халдлагын гэмт хэрэг эрчимтэй нэмэгдэж байгаа.

Сарын өмнө АНУ-ын шатахуун түгээгүүрийн томоохон компани Colonial Pipeline хакеруудад олон сая доллар төлж байж системээ чөлөөлж байв.

Тэгвэл өчигдөр дэлхийн хамгийн том мах боловсруулах үйлдвэрийн системийг хакерууд барьцаалсны улмаас Умард Америк, Австралийн үйлдвэрүүд нь зогссон байна.

Тодруулбал Бразилийн JBS компанийн Австрали дахь үйлдвэр бүрэн зогсож, АНУ-ын хэд хэдэн муж дахь мал нядалгааны газруудын үйл ажиллагаа тасалджээ.

JBS компани үүссэн нөхцөл байдлын талаар Цагаан ордонд мэдээлсний дараа Холбооны Мөрдөх Товчоо шалгалтаа эхлүүлж, АНУ-ын засгийн газар ОХУ-ын талтай холбоо барьсан байна.

Учир нь махны үйлдвэрийг барьцаалсан хакерын бүлэг ОХУ-д төвлөрдөг байж болзошгүй гэсэн эхний дүгнэлт гарсан ажээ.

Хэрвээ үйлдвэрийн тасалдал сунжирвал АНУ-ын зах зээлд махны хомсдол үүсч, Хятад улсад экспортлох ажиллагаа ч хүндэрч болзошгүй байна.

Ялангуяа зуны улиралд Америкчуудын амралт зугаалгатай холбоотой махны эрэлт өсдөг юм.

Бразилийн JBS компанийн Умард Америкийг хариуцсан салбар Колорадо мужийн Грили хотод байрладаг бөгөөд АНУ-ын зах зээлийн үхэр, гахайн махны нийлүүлэлтийн 20 хувийг хангадаг байна.

Одоогоор тус компанийн Колорадо, Техас мужууд, Канадын Альберта муж дахь үйлдвэрүүдийн ажиллагаа бүрэн зогсжээ.

 

Эх сурвалж: Reuters