Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Санхүүгийн Зохицуулах Хорооноос хоёр Гавьяат мэндэллээ

ikon.mn
2021 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Санхүүгийн зохицуулах хорооноос нэг өдөр хоёр гавьяат мэндэллээ. Тодруулбал, Монгол Улсын санхүүгийн зах зээлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Хорооны гишүүн Л.Энхтайван, Хяналтын зөвлөлийн дарга Р.Ринчинбазар нар  гавьяат эдийн засагч цолоор өнөөдөр шагнууллаа.  

Л.Энхтайван нь Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнээр 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Тэрбээр санхүүгийн салбарт 40 гаруй жил ажилласан бөгөөд Улсын төлөвлөгөөний комиссоос ажлын гараагаа эхэлж ХБНГУ-ын Залуучуудын их сургууль, СнЗ-ийн дэргэдэх Удирдлагын хөгжлийн институт, Удирдлагын академид лектор, багш, эдийн засгийн тэнхимийн эрхлэгч, Санхүү, эдийн засгийн дэд сайд, Шинжлэх ухааны академийн Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал, Австри Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Вена дахь НҮБ-ын салбар төвийн байнгын төлөөлөгч зэрэг албан тушаалыг хашиж байсан.

 
 

Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх ажлын хүрээнд 1994 оноос судлаач багшийн хувьд Үнэт цаасны тухай хуулийг УИХ-аар хэлэлцэх ажлын хэсэгт орж ажиллаж батлуулсан. Үнэт цаасны хорооны Мэргэшлийн зөвлөлийн гишүүн,  Хөрөнгийн бирж болон Монгол даатгал компанийн ТУЗ-ийн дарга, Хорооны даатгалын бодлогын зөвлөлийн дарга зэрэг сонгуульт албыг хашихдаа тус салбарыг дэлхий нийтийн жишгийн дагуу хөгжүүлэх, эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх, бодлого стратегийг тодорхойлох, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, салбарт ажиллагсдын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд голлож анхаарч ажилласан. Цаашилбал, салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хяналт зохицуулалтын оновчтой хэлбэрийг бий болгох, салбарын байгууллагуудын үйлчилгээний цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажилласан юм.

Харин гавьяат эдийн засагч Р.Ринчинбазар нь Хорооны хяналтын зөвлөлийн даргаар 2013 оноос хойш өнөөг хүртэл ажиллаж байна. Тэрбээр МУИС-ын Физик-математикийн факультет, Математик компьютерийн сургуулиас ажлын гараагаа эхэлсэн бөгөөд ЗГХЭГ-ын дэд дарга, Шинжлэх ухааны академийн Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал, МУИС-ын тэргүүн дэд захирлаар тус, тус ажиллаж байсан.

УИХ-ын байнгын хороодын захиалгаар “Монголын бүсчилсэн хөгжлийн онолын үндэслэл”, “Монголын эдийн засгийн бүтцийг сайжруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх асуудал” зэрэг хэд хэдэн судалгааны тайланг хийж хүлээлгэж өгсөн. Харин сүүлийн жилүүдэд манай оронд үндсэндээ огт судлагдаагүй байсан нэгэн чиглэл буюу банк, даатгалын системд түгээмэл ашигладаг актуарын шинжлэх ухааныг хөгжүүлэх Монголын санхүү, даатгалын байгууллагуудын үйл ажиллагаанд актуар тооцоог нэвтрүүлэх, мэргэжлийн актуарчдыг сургаж бэлтгэхийн төлөө анхаарч ажиллахын зэрэгцээ 160 гаруй жилийн түүхтэй дэлхийн том төв болох Лондоны Актуарын ниймэглэгийн албан ёсны шалгалтыг Монголд зохион байгуулах үүрэг хүлээдэг.  

Шинэхэн хоёр гавьяатдаа Санхүүгийн зохицуулах хорооны нийт хамт олон хүндэтгэл үзүүлэх үеэр Хорооны дарга Д.Баярсайхан санхүүгийн салбарыг хөгжүүлэхэд хоёр гавьяатын оруулсан хөдөлмөр зүтгэлд гүнээ талархаж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ салбарынхаа өөдлөн дэвжих гэгээн ирээдүйн төлөө амьдрал үйлс, залуу халуун насаа сэтгэл, итгэл дүүрэн зориулсан, одоо ч амжилт алдраа дуурьсгаж бүтээж хөдөлмөрлөж яваа Та бүхнээрээ хамт олон нь бахархаж байна гэдгийг онцлоод гавьяатуудад ирээдүйн олон гавьяатын түүчээ болохыг бэлгэдэн ерөөсөн юм.