Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Герман улс геноцид үйлдсэнийхээ төлөө Намиби улсад 1.1 тэрбум еврогийн тусламж үзүүлэхээр тохиролцжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Герман улсын засгийн газар 20 дугаар зууны эхээр үйлдсэн геноцидынхоо төлөө Африк тивийн Намиби улсад 1.1 тэрбум еврогийн тусламж үзүүлэхээр тохиролцжээ.

Канцлерь Ангела Меркелийн засгийн газар энэ тусламжийг нөхөн төлбөр биш, хоёр үндэстний эвлэрлийн илэрхийлэл гэж үзэж байгаа гэнэ.

1904-1908 онуудад өнөөдрийн Намиби улс, тухайн үеийн Германы колони Баруун Өмнөд Африкийн газар нутагт герман цэргүүд Хереро болон Нама овгийн олон арван мянган иргэдийг алж хядаж, заримыг нь Калахарын цөл рүү хөөснөөс харангадаж үхсэн юм.

Германы колонийн дэглэмийг эсэргүүцсэнийхээ төлөө дээрх хоёр овгийн хүмүүс ийм шийтгэл амсаж байжээ.

2015 оноос хойш Германы засгийн газар энэхүү түүхэн харгислалаа цайруулах талаар Намибийн засгийн газартай хэлэлцэж эхэлсэн юм.

Тэгвэл есөн удаагийн уулзалт хэлэлцээний дараа талууд 1.1 тэрбум еврогийн тусламж дээр санал нэгдсэн тухай өчигдөр Берлины албаны эх сурвалжууд мэдээлсэн байна.

Энэ мөнгөөр ирэх 30 жилийн хугацаанд Намиби улсад хэрэгжүүлэх төслүүдийг санхүүжүүлэхээр болжээ.

Үүнд газрын шинэчлэлт хийх, хөдөө орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх, усны хангамжийг сайжруулах, мэргэжилтэн бэлтгэх зэрэг төслүүд багтсан байна.

Тусламжийн мөнгөний 50 сая еврог хоёр үндэстний найрамдлыг хөгжүүлэхэд чиглэсэн урлаг соёл, залуусын солилцооны хөтөлбөрүүдэд зарцуулах ажээ.

Герман, Намиби улсуудын хамтарсан мэдэгдэлд “геноцид” үйлдэгдсэнийг хүлээн зөвшөөрөх ч “нөхөн олговор” гэх үгийг хэрэглэхгүй байхаар тохиролцсон гэнэ.

Учир нь ийм үг хэрэглэвэл дэлхийн олон улс орон Германы засгийн газраас нөхөн олговор шаардах хууль эрх зүйн нөхцөл бүрдэх юм байна.

Намибийн зарим хэвлэлүүд, улс төрчид, түүхчид хамтарсан мэдэгдлийн агуулгад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж эхэлжээ.

Тухайлбал Хереро овгийн тэргүүн Вэкуй Рукоро “Германы ерөнхийлөгч Франк Уолтер Штайнмайер өөрийн биеэр Намибид ирж, уучлал гуйсан тохиолдолд л бидний санаа амарна” гэж орон нутгийн хэвлэлд ярьсан байна.

Намибийн New Era сонинд өчигдөр мэдээлснээр засгийн газрынхаа хэлэлцээрийг саяхныг хүртэл дэмжиж байсан гурван овгийн тэргүүн хамтарсан мэдэгдлийн агуулгыг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдсэн гэнэ.

Энэ эсэргүүцэл Намибийн ерөнхийлөгч Хаге Гэйнгобийг хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурахад саад болж магадгүй байна.

Германы засгийн газар тусламжийн мөнгийг зөвхөн Хереро, Нама овгийн залгамжлагчдад зориулахгүй, бүх Намиби улсын хүн ардын тусын тулд зарцуулахаа мэдэгджээ.

 

Эх сурвалж: The Guardian