Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: Нийслэлд халдварын тархалт буураагүй байгаа тул иргэд дэглэмээ сайтар баримтлах хэрэгтэй

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны мэдээллийн цагт өнөөдөр гавьяат эмч А.Амбасэлмаа оролцож, иргэд халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн баримтлах шаардлагатайг зөвлөлөө. 

Тэрбээр "Монгол Улс сүүлийн гурван сар орчмын хугацаанд КОВИД-19 цар тахал нийт хүн амын дунд өргөн тархсан үе шатанд байна. Ялангуяа нийслэл хотод халдвар өргөн тархалттай, өвчлөл хүндрэл, эндэгдэл ихтэй байна.  

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 55,829 байхад 88 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.

Эмчлүүлж буй 4,249 хүний 3,876 нь нийслэл хотод байна. Өвчилсөн иргэдийн 46-48.9 хувь нь хөнгөн байгаа бол үлдсэн нь хүнд, нэн хүнд хэлбэрээр эмчлэгдэж байгаа юм. Маш хүнд байгаа иргэд 2.8-3 хувь болсон. Халдварын нөхцөл байдал хүнд байна” гэв.

Түүнчлэн тэрбээр “Нийслэлд халдварын тархалт буураагүй байгаа тул иргэд тайвширч болохгүй. Хэдийгээр лабораториор батлагдах тохиолдлын тоо тодорхой хэмжээнд багассан ч нийт өвчлөлийн тоо буураагүй.  Цар тахлын өргөн тархалтын үед лабораториор батлагдсан тохиолдлын цаана 50 орчим хувь нь хөнгөн балархай, шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилж, өвчнийг цааш тараахад гол үүрэгтэй байдаг. Мөн хавьтлын тоо нэмэгдэх бөгөөд хавьтлууд өвчлөл тараах нь өндөр. Иймд иргэд халдвар буурсан гэж тайвширч болохгүй.

Цар тахлаас тэмцэх, сэргийлэх гол арга зам нь вакцин. Монгол Улс хүн амаа дархлаажуулах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж байна. Богино хугацаанд вакцины эхний тунгийн хамралтыг 100 орчим хувьд хүргэсэн том амжилт.

Гэхдээ халдвар өргөн тархсан үед вакцин хооронд халдвар авах эрсдэл маш өндөр тул дэглэмээ баримтлан, хянамгай байж амны хаалтаа тогтмол зүүх шаардлагатай. Мөн хоёрдахь тунг хийлгэсний дараа 14-21 хоногийн хугацаанд дархлаа тогттол биеэ хамгаалах хэрэгтэй” хэмээв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/481630552919122