Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын Калифорни муж $116.5 саяын хонжвортой сугалааг вакцинжуулалтад хамрагдсан иргэдийнхээ дунд зарлалаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын хамгийн баян, хамгийн олон хүн амтай Калифорни муж вакцинжуулалтад хамрагдсан иргэдийнхээ дунд $116.5 саяын хонжворын сантай сугалаа зарлажээ.

“Vax for the Win” нэртэй уг хөтөлбөрийг зарласнаар Калифорни муж вакцинжуулалтыг мөнгөөр идэвхжүүлсэн АНУ-ын долоо дахь муж болж байна.

Гэхдээ хонжворын мөнгөний хэмжээгээр бусад зургаан мужаасаа хол түрүүлж байгаа юм.

“Энэ бол Covid-19 өвчний эсрэг вакцинд хамрагдсан Калифорничуудад бидний зүгээс илэрхийлж буй хамгийн том талархал юм” гэж тус мужийн захирагч Гэвин Ньюсом өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Вакцины эхний тунгаа тариулсан тус мужийн 12-оос дээш насны иргэн бүр сугалаанд оролцох эрхтэй юм.

Зургаадугаар сарын 15-ны өдөр тус бүр $1.5 саяыг хожсон 10 хүнийг тодруулах ажээ. Үүнээс гадна нийт 30 хүн тус бүр $50,000-ын азтан болно. Тэдний эхний 15-ыг зургаадугаар сарын 4-ний өдөр, сүүлийн 15-ыг зургаадугаар сарын 11-нд тодруулахаар болжээ.

Мөн тавдугаар сарын 27-ноос хойш вакцинжуулалтад бүрэн хамрагдсан эхний хоёр сая хүнд тус бүр $50-ын хүнсний бараа худалдаж авах эрхийн бичиг олгохоор болсон байна.

 

Эх сурвалж: Business Insider