Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Сирийн ерөнхийлөгч Башар Аль Ассад 95.1 хувийн саналаар дөрөв дэх удаагаа сонгогдов

Т.Давааням, ikon.mn
2021 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт болж өнгөрсөн сонгуулиар Сирийн ерөнхийлөгч Башар Аль Ассад 95.1 хувийн санал авч, дөрөв дэх удаагаа сонгогджээ.

Өрнөдийн орнууд болон хөрш Турк улс энэ удаагийн сонгуулийг шударга бус болсон гэж дүгнэсэн байна.

Сүүлийн 10 жилийн турш иргэний дайны хөлд нэрвэгдсэн Сири улсад олон зуун мянган иргэн нь амь үрэгдэж, хүн амынх нь бараг тал хэсэг буюу 11 сая хүн орон гэрээсээ дүрвээд байгаа.

Гэсэн хэдий ч Ассад үнэмлэхүй олонхын санал авч чадсан байна. Тус улсын парламентын тэргүүн Хаммоуда Саббах сонгуулийн ирц 78 хувьтай, 14 сая гаруй сонгогч саналаа өгснийг өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

55 настай Ассад сонгуульд ялснаар түүний гэр бүл бараг 60 жил Сирийг удирдах боломжтой болж байна. Ассадын эцэг Хафез Аль Ассад улс орноо 30 жил удирдсаны эцэст 2000 онд нас барсан юм.

Сири улсад 2011 онд засгийн газрыг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл эхэлсэн нь өнөөдрийг хүртэл үргэлжилсэн иргэний дайны эхлэл болж байв.

Өнөөдөр Ассад улс орныхоо газар нутгийн 70 орчим хувийг хянаж байгаа. АНУ-ын эдийн засгийн хориг, хөрш Ливан улсын эдийн засгийн уналт, цар тахлын улмаас гадаадад байгаа Сиричүүд ар гэртээ бага мөнгө илгээх болсон, холбоотон Иран, Орос улсууд дэмжлэг үзүүлж чадахгүй байгаа зэрэг нь Ассадын дэглэмд хүнд сорилт болж байна.

Өнөөдөр Сирийн газрын тосоор баян зүүн хойд нутгийг АНУ-ын дэмжлэгтэй Курдын зэвсэгт бүлэглэл хяналтдаа байлгаж байгаа.

Баруун хойд Идлиб мужид засгийн газрыг эсэргүүцэгч зэвсэгт бүлэглэл хяналтаа тогтоожээ.

Ассадтай энэ сонгуулиар хоёр улс төрч өрсөлдсөн нь ёс төдий зүйл байв. Үйл ажиллагааг нь хориглосон сөрөг хүчний жижиг намын нэр дэвшигч Махмуд Ахмед Марей 3.3 хувь, дэд сайд асан Абдаллах Салум Абдаллах 1.5 хувийн санал тус тус авсан байна.

 

Эх сурвалж: Reuters