Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын дарга банк, санхүүгийн салбарынхантай уулзлаа

A.Жаргал
2021 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын дарга Г.Занданшатар  банк, санхүүгийн салбарынхантай өнөөдөр уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан,  Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, дэд дарга Т.Цэрэнбадрал, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон Даатгалын холбоо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, банк бус санхүүгийн байгууллагын удирдлагууд оролцож банк, санхүүгийн салбарт тохиолдож буй сорилт болон хөгжлийн бодлого, үйл ажиллагааны талаар ярилцлаа.

 

Уулзалтыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ цар тахлаас үүдэлтэй сорилт 2021 онд үргэлжилж байгаа хэдий ч хонгилын үзүүрт гэрэл гарч эхэлсэн. 2021 оны нэгдүгээр улиралд эдийн засгийн өсөлт 15.7 хувь болж, ДНБ сүүлийн 3 улирал дараалан өмнөх улирлаасаа өсөлттэй гарлаа. Энэ нь Монгол Улс цар тахлаас шалтгаалсан уналтаас 2021 онд багтаж гарах боломжтойг илэрхийлж байна. Эдийн засгийн өсөлтийн дийлэнх хэсгийг уул уурхай, түүгээр тэжээгдсэн аж үйлдвэр, бүтээгдэхүүний цэвэр татварын өсөлт эзэлж байгааг дурдсан юм.

Дараа нь Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Банкнаас бусад санхүүгийн салбарт тулгарч буй сорилт шийдэл” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ ковид цар тахлын нөхцөл байдлын байдлын улмааас санхүү, эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байсан хэдий ч зохицуулалтын байгууллагууд эрсдэлээ дахин үнэлэх, дотоод нөөц бололцоогоо дайчлан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гаргах, үйл ажиллагаагаа цахим хэлбэрээр явуулах зэргээр амжилттай ажиллаж ирсэн талаар дурдаад “Санхүүгийн зах зээлийн хөгжилд түлхэц өгөхүйц оновчтой шийдлийг гаргах, санхүүгийн системийн зохистой бүтцийг бий болгох, дэвшилтэт технологийг нутагшуулах, санхүүгийн үйлчилгээний өртгийг хямдруулан, хүртээмжийг сайжруулах замаар санхүүгийн салбарын оролцоог  нэмэгдүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байна. Санхүүгийн зохицуулах хороо нь санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаатай холбоотой хууль, зохицуулалт хяналтын нийт 116 журам зааврыг батлан зохицуулалт хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Чиг үүргийн хүрээнд 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар 3,302 зохицуулалттай этгээд, 2,429 даатгалын төлөөлөгч нийт 5700 гаруй хуулийн этгээд, иргэний  үйл ажиллагаанд хяналт тавин ажилласан” гэдгийг онцлоод салбар тус бүрээр танилцуулж мэдээлэл өгсөн юм.

 

Үүний дараа үндсэн хэлэлцүүлэг Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал “Санхүүгийн зах зээлийн цаашдын хөгжлийн чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээ”, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Дөлгөөн “Банкны салбарын цаашдын бодлого, шинэтгэлийн хөтөлбөр”, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр “Хөрөнгийн зах зээлийг бодлогоор дэмжин хөгжүүлэх нь санхүүгийн салбарын тогтвортой, тэнцвэртэй, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлнэ” болон холбогдох бусад хэд хэдэн сэдвийн хүрээнд өрнөлөө.