Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Мексикийн сонгуульд нэр дэвшигч 34 дэх улс төрч зэвсэгт этгээдүүдийн гарт алагджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Зургаадугаар сарын 6-ны өдөр Мексик улсад орон нутгийн сонгуулийн санал хураалт болох юм. Уг сонгуулиар орон нутгийн парламентын гишүүд болон муж, хотуудын захирагч нарыг сонгох ажээ.

Мягмар гарагт төв Мексикийн Гуанахуато мужийн Моролеон хотын захирагчид нэр дэвшсэн улс төрч Алма Барраган буудуулж алагдсан байна.

Тэрбээр хотын гудамжаар иргэдтэй уулзаж, сурталчилгааны хуудас тарааж явахдаа үл таних зэвсэгт этгээдүүдэд буудуулжээ.

Ингэснээр энэ жилийн сонгуулийн үйл ажиллагаа эхэлснээс хойш 34 дэх нэр дэвшигч алагдаж байна. Бусад улс төрчдийг оролцуулбал нийт 88 хүн гэмт этгээдүүдийн гарт алагджээ.

Хар тамхины гэмт хэргийн бүлэглэлүүд өөр өөрийн бүс нутагт нөлөөгөө тогтоохын тулд өөрийн хүмүүсийг нэр дэвшүүлж, тэдэнтэй өрсөлдөж буй хүмүүсийг нэрээ татахыг шаардаж сүрдүүлэх, зөвшөөрөөгүй нэгнийг нь шууд устгах арга хэмжээ авч байгаа юм.

Энэ удаагийн сонгуулийн үеэр алагдсан улс төрчдийн тоо 2018 оны сонгуулийн үеийнхээс 44 хувиар өссөн тухай Integralia улс төрийн зөвлөх фирм мэдээлсэн байна.

2021 оны сонгуулийн үеэр хотын захирагчид нэр дэвшсэн 60 гаруй улс төрч гэмт этгээдүүдийн сүрдүүлгийн улмаас нэрээ татжээ.

Тухайлбал Мексик улсыг төлөөлөн олимпын наадамд оролцож байсан эмэгтэй нэр дэвшигч өнгөрсөн долоо хоногт амралт зугаалгын Валле де Браво хотод зэвсэгт этгээдүүдэд олон цагийн турш барьцаалагдсаны дараа нэрээ татахаар болсон байна.

Нийтдээ 150 нэр дэвшигч гэмт этгээдүүдийн сүрдүүлгийн дараа засгийн газраасаа хамгаалалт хүссэн тухай албаныхан мэдээлжээ.

Зургаадугаар сард болох сонгуулиар конгрессийн доод танхимын гишүүд, 32 мужийн 15-ынх нь захирагч, мянга мянган хотын захирагч, хууль тогтоогчид гээд нийтдээ 20,000 орчим албан тушаалд суух хүмүүс сонгогдох юм.

 

Эх сурвалж: The Wall Street Journal