Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Эрчим хүчний хангамж нь тасалдах болсон Иран улс биткоин олборлолтыг дөрвөн сарын хугацаатай хориглов

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Иран улсын томоохон хотуудад цахилгаан хангамж ойр ойрхон тасалдах болсонтой холбогдуулан эрх баригчид хэсэг хугацаанд криптовалют олборлох үйл ажиллагааг хориглохоор болжээ.

Ерөнхийлөгч Хассан Рухани уг хоригийг есдүгээр сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжлэхийг мэдэгдсэн байна.

Иран улсад сүүлийн жилүүдэд ган гачигтай холбоотой усан цахилгаан станцуудын ажиллагаа тасалддаг болоод байгаа. Тиймээс эрчим хүчний хэрэглээг бууруулах арга хэмжээ авахад хамгийн түрүүнд криптовалют олборлох үйл ажиллагаа өртсөн нь энэ юм.

Тегераны засгийн газар өмнө нь биткоин олборлогчдыг албан ёсоор бүртгэлжүүлж, эрчим хүчний төлбөрийг нь тусгай тариффаар бодож, олборлосон коиноо зөвхөн төв банканд зардаг байх журам хэрэгжүүлж эхэлжээ.

Засгийн газарт бүртгэлтэй хууль ёсны олборлогчдын цахилгааны хэрэглээ өдөрт 300 МегаВатт хүрдэг болсныг Рухани мэдэгдсэн байна.

Гэхдээ биткоин олборлох үйл ажиллагааны 85 орчим хувийг бүрдүүлдэг хууль бус олборлогчид өдөрт 2,000 МегаВатт эрчим хүч хэрэглэдэг гэсэн мэдээлэл бий.

Тэдний зарим нь эрчим хүч үнэ төлбөргүй хэрэглэх эрхтэй исламын сүм хийдүүдийн цахилгааны шугамыг хулгайгаар ашигладаг байна.

Тиймээс энэ удаагийн хориг нь хууль бус олборлогчид руу голлон чиглэж байгаа ажээ.

Ираны засгийн газар хууль бус олборлох ажиллагаа явуулж буй этгээдүүдийн талаар мэдээлэл өгсөн иргэдэд шагнал олгохоор болсон байна.

 

Эх сурвалж: The Verge