Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Армени улсад хавсран суух Элчин сайд Д.Даваа итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

ikon.mn
2021 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ГХЯ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Армени Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Даваа Бүгд Найрамдах Армени Улсын Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Армен Варданович Саркисянд 5 дугаар сарын 25-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Жуух бичиг барьсны дараа Элчин сайд Арменийн Ерөнхийлөгчид бараалхаж, Итгэмжлэх жуух бичгийг нь хүндэтгэлтэйгээр гардан авч, цаг зав гарган уулзаж буйд талархал илэрхийлээд, Ерөнхийлөгч Армен Варданович Саркисянд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын дэвшүүлсэн мэндчилгээг уламжиллаа.

Бүгд Найрамдах Армени Улсын Ерөнхийлөгч Армен Варданович Саркисян Монгол Улсын Төрийн тэргүүнд хариу мэндчилгээ хүргээд, Элчин сайд Д.Даваад Армени Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар томилогдон ирсэнд баяр хүргэж, хоёр улсын улс төр, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Д.Даваа 2022 онд Монгол, Арменийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож буйг онцлоод, хоёр орны хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд хүч чармайлт гарган ажиллахаа илэрхийлж, юун түрүүн “Соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Армени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулахад анхааран ажиллахаа хэллээ гэж ГХЯ-наас мэдээллээ.