Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Үйлчилгээний газрууд дэглэм мөрдүүлж, вакцин хийлгэснийг шалгаж байгаа эсэхэд иргэд хяналт тавихыг уриаллаа

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварын эрсдэлийг бууруулах үүднээс үйлчилгээний байгууллагууд вакцины бүрэн тунг хийлгэж, дархлаа тогтсон иргэдэд нээлттэй байхаар УОК шийдвэрлэсэн.

Гэвч сүүлийн үед зарим байгууллага халдвар хамгааллын дэглэм баримтлуулахгүй, халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байгааг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр анхаарууллаа.

Тэрбээр "Халдварын тохиолдлыг бууруулахын тулд үйлчилгээний байгууллагууд УОК-оос гаргасан дүрэм журмыг мөрдөх шаардлагатай.

Гэвч зарим хоолны газар, кофе шопт ороход вакцин тариулаад 14 хоносон эсэхийг шалгахгүй, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхгүй байна. Тиймээс зарим үйлчилгээний байгууллагаас халдвар илрэх тохиолдол гарч байна. Үүнээс болж өвчлөл илүү нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.

Өөрөөр хэлбэл, зарим үйлчилгээний газраар маскгүй үйлчлүүлж байхад халдвартай хүн хажууд дэглэмээ барихгүйгээр сууж эрсдэл бий болгож байна.

Иймд иргэд тухайн үйлчилгээний газрууд вакцин тариулсан эсэхийг тань асууж байгаа болон халууныг тань хэмжиж байгаа эсэхийг шалгаж, шаардлага тавих хэрэгтэй.

Бид бүгд хамтдаа энэ өвчнийг даван туулахын тулд хариуцлагатай байцгаая” хэмээн уриалав.

"Вакцины бүрэн тунд хэр олон хүн хамрагдахаас шалтгаалж нийтийн дархлаа сайн тогтоно"

Түүнчлэн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр "Бид вакцины хоёр тунд заавал хамрагдах шаардлагатай. Вакцины бүрэн тундаа хэр олон хүн хамрагдахаас шалтгаалж нийтийн дархлаа сайн тогтоно.

Өөрөөр хэлбэл, бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд гээд вакцин хийлгээгүй үлдсэн хүн амаа хамгаалахын тулд бид вакцины хоёрдугаар тунгаа хийлгэж, бүрэн дархлаа тогтоох шаардлага бий.

Мөн халдвар хамгааллын дэглэмээ сайн барих хэрэгтэй. Иргэд маань энэ тал дээр хариуцлагатай хандаж чадвал халдварын тохиолдлыг бууруулах бүрэн боломж байна" гэдгийг нэмж хэлсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/191166414402268/videos/808597846446597