Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Беларусьт нөхцөл байдал хурцадвал Дэлхийн III дайн дэгдэх аюултайг Лукашенко анхааруулжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Хэрвээ Беларусь улсын дотоод нөхцөл байдал хурцдаж, зэвсэгт мөргөлдөөн гарвал энэ нь Дэлхийн Гуравдугаар дайны эхлэл болох эрсдэлтэйг тус улсын ерөнхийлөгч Александр Лукашенко анхааруулжээ.

Тиймээс улс орных нь дотоод хэрэгт оролцож, тогтворгүй байдал үүсгэхийг оролдохоо зогсоохыг тэр гадаад орнуудад уриалсан байна.

“Беларусиар оролдоод хэрэггүй гэж би дэлхий нийтэд анхааруулмаар байна. Манайх тийм том улс биш. Гэхдээ зохих хариуг нь өгөх чадвартай. Дэлхийн түүхэнд өмнө нь ч ийм үйл явдал тохиолдож байсан. Аливаа бодлогогүй алхам хийхээсээ өмнө Беларусь бол Европын төв гэдгийг санаарай. Энд байдал муудвал дэлхийн дайн ч дэгдэх боломжтой” гэж Лукашенко өчигдөр тус улсын хууль тогтоогчид, үндсэн хуулийн зөвлөлийн гишүүд, засгийн газрын сайд нартай уулзах үеэрээ хэлжээ.

Өнгөрсөн Ням гарагт сөрөг хүчний сэтгүүлчийг баривчлахын тулд өөрийн нутаг дээгүүр өнгөрч явсан RyanAir компанийн онгоцыг барьцаалсан хэрэгт Лукашенко буруутгагдаад байгаа.

Маргааш буюу Баасан гарагт Лукашенко ОХУ-ын нийслэл Москва хотод айлчилж, ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар болсныг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Лхагва гарагт мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: ТАСС