Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн зүүн бүс нутгийн зарим суурингууд хулганы сүрэгт эзлэгджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн өдрүүдэд Австрали улсын зүүн эргийн зарим нутагт хулгануудын тоо толгой хэт олширсноос “аймшгийн кино”-нд дүрслэгддэг шиг нөхцөл байдал үүсчээ.

Тухайлбал Нью Соут Уэльс мужийн нэг гэр бүл амины орон сууцаа хулгануудад алдаж, орох оронгүй болсноо саяхан телевизээр ярьсан байна. Гэрт нь үүрлэсэн хулганууд цахилгааны кабелийг нь мэрж тасалснаас гал гарч, орон гэр нь түймэрт бүрэн шатжээ.

Гэрийн эзэгтэй Ребека Уардын ярьснаар тэр гурван хүүхдийн хамт маш хүнд нөхцөлд олон өдөр амьдарсны эцэст гэрээ шатаалгасан гэнэ.

“Хулганууд шөнө хүүхдүүдийн маань бие дээгүүр гүйлдэнэ. Тэд хоол хүнсийг маань идэж, бүр ар нуруунаас хазаж байлаа. Хүнсээ төмөр хайрцагт нуудаг байв. Хулганууд хаа сайгүй гүйлдэж, гутлан дотроос маань хүртэл гарч ирдэг байсан. Хар дарсан зүүд шиг л амьдарч байв” гэж Ребека ярьжээ.

Австралийн Нью Соут Уэльс, Күинслэнд мужуудын зарим тосгодын сургууль, айл өрх, эмнэлгүүд сая сая хулганын довтолгоонд эзлэгдээд байна. Тариалангийн талбайнуудыг хүртэл идэж сүйтгэжээ.

Хулганууд бие биенээ барьж идэж, муудсан сэг зэмийн үнэр тэсэхийн аргагүй болгож байгааг гэрчүүд мэдээлжээ. Хулганы сүрэг энэ эрчээрээ Австралийн хамгийн том хот Сиднейд сар хүрэхгүй хугацааны дотор хүрэхээр байгаа гэнэ. 

Хэдийгээр мэрэгчдийг устгахад хортой химийн бодис ашиглахыг хуулиар хориглодог ч Нью Соут Уэльс мужийн захиргаа онцгой нөхцөлд ашиглахыг зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрчээ.

Мужийн эрх баригчид нийт 5,000 литр Бромадиолон хэмээх онцгой хортой бодисыг нөхцөл байдал хамгийн хүнд байгаа 20 бүс нутагт тарааж эхэлсэн байна.

Хулганы түрэмгийллийн эсрэг шуурхай арга хэмжээ авахгүй бол Австралийн $51 тэрбумын хэмжээтэй хөдөө аж ахуйн салбар уналтад орж мэдэхээр байгаа юм. Зарим фермерүүд хулганын сүрэгт эзлэгдсэн тариан талбайгаа зөнд нь хаяж зугтжээ. Хортой бодисоор мэрэгчдийг устгасны дараа талбайгаа цэвэрлэх, ариутгахад их хэмжээний зардал гаргах болоод байгаа.

Удаан хугацаанд үргэлжилсэн ган гачгийн дараа өнгөрсөн онд хур бороо элбэг байсан нь ургацын гарцад сайнаар нөлөөлж, хулгануудын тоо толгой эрчимтэй нэмэгдэхэд хүргэсэн гэж судлаачид дүгнэж байна.

 

Эх сурвалж: Bloomberg