Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос улс долдугаар сараас эхлэн вакцинжуулалтад хамрагдсан иргэддээ амны хаалтгүй явахыг зөвшөөрнө

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Долдугаар сараас эхлэн коронавирусийн эсрэг вакцины ядаж эхний тунгаа тариулсан иргэдэд гадуур амны хаалтгүй явахыг зөвшөөрөх болсноо Өмнөд Солонгосын засгийн газар өчигдөр мэдээлжээ.

Харин бүрэн дархлаажсан буюу вакцины хоёр дахь тунгаа тариулсан иргэд ресторан, кафе зэрэг үйлчилгээний газруудад тооны хязгаарлалтгүй цугларах боломжтой болох гэнэ.

Лхагва гарагт Өмнөд Солонгос даяар коронавирусийн халдварын 707 шинэ тохиолдол нэмэгдсэн нь сүүлийн 12 өдрийн хамгийн өндөр үзүүлэлт байжээ.

Цар тахал эхэлсэн цагаас хойш тус улсад нийтдээ 137,682 тохиолдол бүртгэгдэж, 1,940 хүн нас бараад байна.

Сүүлийн өдрүүдэд шөнийн цэнгээний газрууд, шашны байгууллагуудыг дагасан халдварын голомтууд дараалан илэрч, мутацлагдсан вирусийн Британи хувилбар тархсан нь өвчлөлийг бууруулахгүй байгаа.

Солонгосын халдварт өвчинтэй тэмцэх төвөөс мэдээлснээр тус улсад мутацлагдсан вирусийн хувилбаруудын нийт тохиолдол 1,390 бүртгэгдсэнээс 1,147 нь Британи хувилбарын тохиолдол байгаа ажээ.

Үүнтэй зэрэгцэн Өмнөд Солонгост вакцинжуулалтын аян эрчимжиж байна. Одоогоор 52 сая орчим хүн амынх нь 7.7 хувь буюу 3.9 сая хүн вакцинжуулалтад ямар нэг хэмжээгээр хамрагджээ.

Вакцины нийлүүлэлтийн асуудлыг шийдвэрлэсний дараа өдөрт нэг сая хүн дархлаажуулж эхлэхээ тус улсын эрх баригчид мэдэгдсэн байна.

Өмнөд Солонгос нь 99 сая хүнийг дархлаажуулах хэмжээний буюу хүн амынхаа тооноос хол давсан вакцин авахаар үйлдвэрлэгчидтэй гэрээ байгуулсан ч нийлүүлэлт удаашралтай байгаа юм.

Тус улсын засгийн газар энэ оны арваннэдүгээр сар гэхэд хүн амаа бүрэн дархлаажуулж дуусгах зорилт тавьжээ.

 

Эх сурвалж: Reuters