Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Путин, Байден нарын анхны уулзалт зургаадугаар сарын 16-ны өдөр Женев хотод товлогджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Удаан яригдсан Орос-Америкийн ерөнхийлөгч нарын анхны уулзалт зургаадугаар сарын 16-ны өдөр Швейцарын Женев хотод зохион балгуулагдахаар товлогджээ.

Уулзалтын товыг өчигдөр Кремль болон Цагаан ордны эх сурвалжууд баталсан байна.

“Вашингтонтой тохиролцсоны дагуу ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 16-ны өдөр Женев хотод АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байдентай уулзахаар боллоо. Уулзалтаар Орос-Америкийн харилцааны одоогийн байдал, цаашдын хөгжил, цар тахалтай тэмцэх, бүс нутгийн зөрчил хямралуудыг зохицуулах зэрэг олон улсын стратегийн тогтвортой байдлын асуудлуудыг хөндөж ярилцах юм” гэж Кремлийн мэдэгдэлд өгүүлжээ.

Харин Цагаан ордны мэдэгдэлд “Ерөнхийлөгч Байден зургаадугаар сарын 16-ны өдөр Швейцарын Женев хотод ерөнхийлөгч Путинтэй уулзана. Удирдагчид АНУ-Оросын харилцааг тогтворжуулахаас гадна тулгамдсан бусад олон асуудлаар хэлэлцэнэ” гэсэн байна.

Путин, Байден нар өмнө нь нүүр тулан уулзаж байсан ч энэ удаа ерөнхийлөгчийн хувиар уулзах гэж байгаагаараа онцлог.

Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа хүйтэн дайны үеэс хойш хамгийн доод түвшиндээ хүрч муудаад байгаа.

Гуравдугаар сард Жо Байден хэвлэлд ярихдаа Владимир Путинийг “алуурчин” хэмээн нэрлэж байв. Хариуд нь Путин “хүн бусдаас өөртэйгээ адилхан шинж чанарыг түрүүлж олж хардаг” хэмээн мэдэгдэж байжээ.

Байдены засаг захиргаа сонгуулийн үр дүнд нөлөөлөх оролдлого, кибер халдлага, вакцины талаар худал мэдээлэл тараах зэрэг олон зүйлд ОХУ-ыг буруутган эдийн засгийн хориг арга хэмжээ зарлаж байв.

Америкийн ноёрхлыг хүлээн зөвшөөрөлгүй хараат бус бодлого явуулсны хариуд Оросын эдийн засгийг доройтуулах зорилгоор үндэслэлгүй хориг арга хэмжээ авч байна гэж Москвагийн эрх баригчид Вашингтоныг буруутгадаг юм.

 

Эх сурвалж: Russia Today