Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Австрали улс Афганистан дахь элчин сайдын яамаа хаахаар болжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Австрали улс ирэх Баасан гарагаас эхлэн Афганистаны нийслэл Кабул дахь элчин сайдын яамаа бүрмөсөн хаах болсноо өнөөдөр зарлажээ.

Афганистанаас АНУ тэргүүтэй холбоотнуудын цэрэг гарч, нөхцөл байдал улам бүр тодорхойгүй болж байгаагаас шалтгаалан элчин сайдын яамаа хаах болсныг Канберрагийн эрх баригчид тайлбарласан байна.

Цаашдаа Австралийн дипломатчид бүс нутгийн өөр нэг улсад байрлаж, Афганистанд тогтмол хугацаанд зочилж байхаар болжээ.

Дөрөвдүгээр сард АНУ-ын засаг захиргаа 20 жил үргэлжилсэн дайнаа дуусгаж, энэ оны есдүгээр сарын 11-нээс өмнө бүх цэргээ гаргаж дуусах болсныг зарласан юм.

“Америкийн түүхэн дэх хамгийн урт дайн өндөрлөх цаг болсон” гэж тухайн үед ерөнхийлөгч Жо Байден хэлж байв.

Одоо Афганистанд NATO-гийн 9,600 орчим цэрэг байгаагийн 2,500 орчим нь АНУ-ын цэрэг юм.

Австрали улсын хувьд сүүлийн хоёр жилийн турш Афган дахь цэргийн тоогоо шат дараатай бууруулж байгаа. Анх 1,500 гаруй цэрэгтэй байсан бол одоо 80 цэрэг үлджээ.

NATO-гийн цэрэг гарч дууссаны дараа Афганистанд иргэний дайн эхлэх магадлал өндөр байгаа. Хэдийгээр Вашингтон цэргээ гаргаж дуусахаас өмнө Талибан зэвсэгт байгууллагатай энхийн гэрээ байгуулахыг хичээж байгаа ч үр дүн муутай байна.

Талибанчууд хүчирхийллийг зогсоох амлалтаа биелүүлэхгүй байгаа тухай АНУ болон NATO-ийн албан тушаалтнууд саяхан хэвлэлд ярьж байв.

 

Эх сурвалж: BBC