Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конг хот хугацаа нь дууссан олон сая тун Covid-19 вакцинаа удахгүй устгана

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Хятад улсын засаг захиргааны тусгай бүс Хонг Конг хот өнөөдөр коронавирусийн эсрэг вакцины нөөцийнх нь эхний багцын хадгалах хугацаа дуусахад гурван сар үлдээд байгааг зарлаж, дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг оршин суугчдадаа уриалжээ.

Тус хот 7.5 сая оршин суугчаа бүрэн дархлаажуулах хэмжээний вакцин нөөцөлж чадсан юм. Хотын нөөцөнд одоо Pfizer/BioNTech болон Sinovac үйлдвэрийн вакцины тус бүр 7.5 сая тун байгаа ажээ.

Гэвч Хонг Конг хотод коронавирусийн өвчлөлийн түвшин бага байгаа, иргэдийн дунд вакцины талаар буруу мэдээлэл тарсан зэргээс шалтгаалан хамрагдах идэвх муу байгаа юм.

Эхний ээлжийн Pfizer/BioNTech вакцины хадгалах хугацаа нь ирэх есдүгээр сард дуусах тул өмнө нь амжиж дархлаажуулалтад хамрагдахыг хотын эрүүлийг хамгаалах газрын төлөөлөгч Томас Цан өнөөдөр уриалжээ.

“Дэлхий даяар вакцины хомсдолтой байхад бид худалдаж авсан вакцинаа зүгээр хадгалаад суух нь буруу юм. Бидэнд хангалттай вакцины нөөц бий” гэж тэр Хонг Конгийн RTHK радиод ярьсан байна.

Хонг Конг хотын захиргаа AstraZeneca үйлдвэрийн 7.5 сая тун вакцин урьдчилж захиалаад байснаа сүүлд цуцалж байжээ.Өнөөдрийн байдлаар хотын оршин суугчдын 19 хувь нь ямар нэг хэмжээгээр дархлаажуулалтад хамрагдсан бол 14 хувь нь вакцины давтан тундаа хамрагдсан байна.

Сүүлийн үед хотын зарим улс төрчид хэрвээ дархлаажуулалтын явцад ахиц гарахгүй бол илүүдэл вакцинаа бусад улс орнуудад нийлүүлэх санал гаргаж эхэлжээ. 

 

Эх сурвалж: AFP