Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Жирэмсний 36 долоо хоногтоо багтаж COVID-19-ийн вакцинд хамрагдаагүй бол төрснөөс хойш 42 хонож байж хийлгэхийг зөвлөнө"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ЭМЯ

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд “Өргөө” амаржих газрын дарга Ж.Энхцэцэг оролцож мэдээлэл өглөө.

Тэрбээр “Жирэмсэн эхийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулдаг. Мөн жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдийг коронавирусийн эсрэг вакцинд тодорхой заалтын дагуу хамруулж байгаа.

Өөрөөр хэлбэл, сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамрагдах жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эх вакцинд хамрагдах эсэхээ өөрөө сонгох боловч заавал дархлаажуулалтад хамрагдах ёстой гэх хэд хэдэн заалт бий.

Үүнд,

  • Өндөр эрсдэл бүхий эрүүл мэндийн суурь эмгэгтэй буюу коронавирусийн халдвараар өвчилсөн тохиолдол маш хүндээр өвчлөх эрсдэлтэй эмэгтэйчүүд,
  • Жирэмсэн эмэгтэй нь коронавирусийн халдварт өртөх эрсдэлтэй нөхцөлд буюу эрүүл мэндийн болон нийгмийн үйлчилгээний салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүд,
  • Биеийн жингийн илүүдэлтэй жирэмсэн эхчүүд,
  • Ахимаг настай буюу 35-аас дээш насны хожуу жирэмсэлсэн эхчүүд,
  • Жирэмсэн үеийн чихрийн шижинтэй эмэгтэйчүүд орно.

Ингэхдээ тухайн эмэгтэй өөрийн зовуур, суурь эмгэгийг эмчид илэн далангүй хэлсний үндсэн дээр тухайн заалтад тулгуурлаж хийх эсэхийг шийдэх боломжийг бүрдүүлдэг.

Хэрвээ тухайн сайн дурын үндсэн дээр эсвэл дархлаажуулалтад хамрагдах ёстой эхчүүдийг жирэмсний 14 долоо хоногоос 36 долоо хоногийн хооронд дархлаажуулна.

Тодруулбал, коронавирусийн эсрэг вакцины эхний тунг жирэмсний 14 долоо хоногоос өмнө хийж болохгүй. Учир нь жирэмсний 14 долоо хоногт дөнгөж үр хөврөл бүрэлдэж, эрхтэн тогтолцоо үүсэж байдаг учраас вакцин байтугай ямар нэг эм хэрэглэж болохгүйг зөвлөдөг.

Харин дараагийн тунг 36 долоо хоногоос өмнө хийсэн байх юм. Хэрвээ хоёр дахь тунг 36 долоо хоногоос өмнө авч амжаагүй бол зөвхөн төрсний дараа 42 хоногоос хойш хийнэ.

Вакцинд хамрагдаж амжаагүй төрсөн эхчүүд ч төрснөөс хойш 42 хоногийн дараа вакцинд хамрагдах боломж нээгдэнэ.

Өөрөөр хэлбэл, төрснөөс хойш 42 хоногийн дараа тухайн ээж хөхүүл болон хөхүүл бишээс үл хамааран бусад хүмүүс шиг коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаж болно.

Жирэмсний 36-40 долоо хоногт вакцин хийж болохгүй шалтгаан нь, төрөх дөхөөд ирэхээр эргэлдэх цусны хэмжээ их болж, зүрх судас гээд бүх эрхтэнд ачаалал өгдөг. Энэ үед жирэмсэн эхэд вакцин хийхийг хориглодог.

Мөн эмэгтэйчүүдийн жирэмслэлттэй холбоотой бие организмд гарах өөрчлөлтүүд нь төрснөөс хойш 42 хоногийн дараа хэвэндээ орж эхэлдэг.

Тиймээс эрүүл мэндийн яамнаас дээрх зөвлөмжийг боловсруулан хэрэгжүүлж буй" хэмээн ярив.

"АстраЗенека болон Спутник V  вакцинуудыг жирэмсэн эхэд хийхийг хориглох заалттай"

Үргэлжлүүлэн "Олон улсын судалгаанаас харахад жирэмсэн эхэд аль вакцин илүү сайн тохирч байгааг тодорхойлох боломжгүй байна.

АНУ-д Pfizer, Moderna зэрэг компанийн хөгжүүлсэн вакциныг жирэмсэн эхэд хийж болно гэж байгаа бол БНХАУ-д эрсдэл өндөртэй бүсэд амьдарч байгаа жирэмсэн эхчүүдэд Синофармын Vero Cell  вакциныг зөвлөж байна.

Харин АстраЗенека болон Спутник V  вакцинуудын зааварт жирэмсэн эхэд хийхийг хориглох заалт бий" гэдгийг нэмж хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/517937009566868